Хөвсгөлд уул уурхайн ашиглалтын 21, хайгуулын 5 нийт 26 лиценз хүчинтэй байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-21 13:31:56


Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэн уул, уурхайгүй аймаг байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тус аймагт 2016 онд 200 гаруй уул уурхайн лиценз хүчинтэй байсныг аймгийн Засаг даргын зүгээс уул уурхайгүй Хөвсгөл бодлогын хүрээнд лицензийг цуцлах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсэн байна. Тодруулбал газар нутгаа улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч тус газруудад байгаа лицензүүдийг цуцлуулж, хугацаа дууссаныг нь сунгалт хийлгүй зогсоосон байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар уул уурхайн ашиглалтын 21, хайгуулын 5 нийт 26 лиценз хүчинтэй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 7 байгаа гэнэ. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Хөвсгөл аймгийг 2016-2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг “Хөгжсөн Хөвсгөл” нэртэй боловсруулж, тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд “Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хүнлэг, оюунлаг иргэдтэй, жаргалтай гэр бүлтэй Хөгжсөн Хөвсгөлийг цогцлооно” хэмээн аймгийнхаа алсын харааг тодорхойлсон. Мөн “Хүний хөгжлийг дээдэлсэн, үндэсний өв соёлоо хадгалсан, ногоон эдийн засаг, үйлдвэрлэл бүхий инновацыг дэмжсэн Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болно” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мэдээллээ.

 

Холбоотой мэдээ