"Үнэт металлын сорьц тогтоох" лабораторийн нэг жилийн ой тохиож байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-10-20 22:45:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээж байсан билээ. Тэгвэл тус төвийн нэг жилийн ой энэ сарын 15-ны өдөр тохиож үнэт металл хайлж сорьц тогтоох лабораторийн 500 дахь алтан гулдмайн эзэнд дурсамж гардуулсан байна.

Түүнчлэн Эрдэнэсийн сандаа алтаа тушааж, Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлд “Гэрчлэх бичиг” гардуулжээ.

Нэг жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн хэлтэс, тус аймаг дахь Монголбанкны хэлтэс, Капитрон банкны Дархан салбарын хамт олон хамтран өнгөрсөн нэг жилийн хугацааны “Нэг цэгийн үйлчилгээ“, Сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагааны ололт амжилт, цаашид анхаарах асуудлуудыг дүгнэн хэлэлцэх уулзалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвөөр Дархан-Уул аймгийн иргэд ААНБ-ууд үйлчлүүлэх бус Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгийн алтны компаниуд, бичил уурхай эрхлэгчид үйлчлүүлдэг аж.

Энэхүү сорьцийн төвийг Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор өнгөрсөн онд байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ