Д.Батдэлгэр: Алдархаан сумыг шинэчилж байгаатай холбоотой иргэд суурьших хүсэлтээ их ирүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-18 12:40:28

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумыг шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Тус сумыг Завхан аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгож хөгжүүлэх нь аймгийн хөгжлийн бодлогод нийцэх учраас сумыг эдийн засгийн хувьд бие даасан аж ахуйн нэгж болгон хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачлан сумын ЗДТГ хамтран хэрэгжүүлж эхлээд нэг жил болох гэж байна.

Алдархаан сум үйлдвэрлэлийн сум болно

Төслийн хүрээнд 2019-2020 онд зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн санхүүжилтээр бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа аж. Алдархаан сум нь баруун бүс нутгийг хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд БНХАУ-Говь-Алтай-Улиастай-ОХУ-ын хилийг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын трассын дагуу байршдаг. Аймгийн төвд хамгийн ойрхон, нисэх буудлын дэргэд байрладаг онцлогтой сум юм. Алдархаан сум нь Монголын анхны сум бөгөөд байгуулагдсан үеэсээ Улиастай хотын иргэдийг хүнсний ногоо, мах, сүү, жимс жимсгэнэ, гахай, тахианы мах, өндөг зэргээр хангаж байсан түүхтэй. Усалгаатай газар тариалан хөгжсөн уламжлалт мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум байсан аж. Тиймээс тэр үеийг дахин сэргээж Завхан аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгож хөгжүүлэхээр болсон аж. 2019-2020 онд тус сумын бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн хөрөнгийн санхүүжилтээр бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа ажээ. Алдархаан сумыг шинэчлэх төслийн зөвлөхөөр Дундговь аймгийн Гурвансайхан сумыг шинэчилсэн төслийн баг ажиллаж байна.  

Гурвансайхан сумынхан зөвлөхөөр ажиллаж байна

Алдархаан сумыг шинэчлэх төслийн зөвлөхөөр Дундговь аймгийн Гурвансайхан сумыг шинэчилсэн төслийн баг ажиллаж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан. Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан Засгийн газраас хэрэгжүүлсэн энэ төсөлд хамрагдаагүй боловч өөрсдөө санаачлан төсөл боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан бүтээн байгуулалт өрнүүлжээ.

Тус сумын бүтээн байгуулалт улсын хэмжээнд жишиг болж, бараг бүх аймаг, сумаас ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан нь очиж үзэж танилцжээ. Мөн УИХ-ын гишүүд ч тойргийнхоо сумдад жишээ болгох гэж Гурвансайханыг зорьсон нь олон ажээ. Түүний нэгэн адил Алдархаан сумаа шинэчлэх гэж буй төслийн багийнхан ч мөн адил тус сумыг зорьж нүдээр үзэж туршлага судалжээ. Дундговь аймгийн Гурвансайханыхан сумаа шинэчлэх төсөлдөө “Мөрөөдлийн төсөл” гэж нэр өгөөд  2014 оны хоёрдугаар сарын 15-наас хойш гурван сарын турш бүх хагас, бүтэн сайн өдрүүдэд иргэд болон төсөл хөтөлбөр, мэргэжлийн улсуудтай зөвлөлдөх уулзалт  хийдэг байжээ. Ийнхүү тэд эдүгээ гурван километр авто болон явган хүний замтай, нарны энергиэр ажилладаг гэрэлтүүлэгтэй, цэвэр, бохир, дулааны шугамтай, 50 шоо метр багтаамж бүхий цэвэрлэх байгууламж, уурын зуухтай, угаалгын газар, халуун ус, спорт цогцолбор, жижиг дунд үйлдвэрийн төвтэй, шинэ сургууль, цэцэрлэг, 12 айлын орон сууцтай болсон байна.

Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан сургуулийн барилгаас бусад нь дээрх залуучуудын санаачилсан “Мөрөөдлийн төсөл” буюу Шинэ сумын төв төслийн хүрээнд баригджээ. Түүгээр ч барахгүй энэ бүх бүтээн байгуулалт нэг удаагийнх биш. Гурвансайхан сумын мянгат малчид нэгдэн Мянгатын сан байгуулан жил бүр сая сая төгрөгийг уг сандаа төвлөрүүлэх болсноор хөрөнгийн эх үүсвэр бий болжээ. Сан анх байгуулахад сумын хэмжээгээр 60 мянгат малчин байсан бол эдүгээ 80 мянгат малчинтай болжээ.

Өөрөөр хэлбэл жил бүр Мянгатын санд 80 сая төгрөг төвлөрнө гэсэн үг. Энэ мөнгөөрөө юу хийх вэ гэдгээ иргэдтэйгээ ярилцан шийддэг болсон тухайгаа Гурвансайхан сумын мөрөөдлийн төслийн багийнхан дуулгалаа. Тиймээс төлөвлөгөөний дагуу төслийг үр дүнд хүргэхээр зорин ажиллаж буй  Завхан аймгийн Алдархаан сумын төвийг шинэчлэх багийнхан: “Бид сумын төвийн шинэчлэлээ алсын хараатай төлөвлөж, гудамж, зам, инженерийн дэд бүтэц, шинэ суурьшлын болон аж үйлдвэрийн бүсүүдийг бий болгож сумандаа аятай тухтай, ажлын байртай, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаг орчин үеийн шинэ сумын төв болгож хөгжүүлэх зорилгоо ажил хэрэг болгоно. Цаашид Улиастай хотын дагуул хот, аялал жуулчлал, аж үйлдвэрийн төв болгохоор төлөвлөөд байгаа” хэмээв. 

Ингээд удахгүй шинэ сум болох төлөвлөгөөтэй ажиллаж буй Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга Д.Батдэлгэртэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Алдархаан сум руу хатуу хучилттай авто зам тавигдаж, цэцэрлэгийн шинэ барилгатай боллоо. Энэ жил бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сум нь аймгийн төвдөө хамгийн ойрхон, “Доной” нисэх онгоцны буудлын дэргэд байрладаг. Усалгаатай тариалан хөгжсөн, уламжлалт мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, хагас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум байсан тул цаашид аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх нь хөгжлийн бодлогод нийцэх юм. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Сумын төвийн шинэчлэл”-ийг эхлүүлж, зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг 2019-2020 онд бүрэн хийж дуусгахаар бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Сумын төвийн шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн 684.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ оны наймдугаар сард 50 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орж, есөн сая төгрөгийн гал тогооны хэрэгсэл, 2.2 сая төгрөгийн компьютер, олон  үйлдэлт хэвлэгч, таван сая төгрөгийн хатуу эдлэлийг БСШУСЯ-наас олголоо.

Мөн 2019-2020 онд улсын төсвийн нэг тэрбум 189 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж байна. Сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох, угсрах ажлыг “Бурхант хясаат” ХХК, цэвэрлэх байгууламж, усан санг “Тоска” ХХК, Донойн хөндийн нисэх буудлын авто замын уулзвараас Эрдэнэ толгой хүртэлх 6.7 километр зам болон сумын төв доторх хатуу хучилттай авто замын ажлыг таван тэрбум 843 сая төгрөгийн өртгөөр “Тэргүүн саруул зам” ХХК гүйцэтгэж байна. Манай суманд энэ онд нийт 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Мөн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам барилгын ажлын 47 километр нь манай сумын нутагт байгаа юм.

-Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, сумын өнгө үзэмж сайжрахын хэрээр нутагтаа суурьших иргэдийн тоо ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа болов уу?

-Сумын төвийн шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Өглөө гэгээ орохоос авахуулаад үдшийн бүрий болтол дээрх компаниуд борви бохис хийхгүй л ажиллах юм. Сумын  дэд бүтцийг шийдвэрлэхтэй холбогдон Улаанбаатар, Улиастай, Эрдэнэт хотоос иргэд суурьшихаар ирж байна. Мөн газар олгооч гэсэн иргэдийн тоо эрс өслөө. Алдархаан сумаас аймгийн төв рүү ажилдаа явж байя. Улаанбаатарт Чингэлтэй, Хайлаастын эцэс, Нисэх, Улиастайгаас ажилдаа яваад болоод л байдаг юм чинь гэх иргэд нэлээдгүй байгаа.

-Өнгөрсөн хавар Улаанбаатар хотод зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулганаар сумандаа ямар жижиг үйлдвэр байгуулах гэрээг үзэглэв. Ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

-Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилт тавьсан байгаа. Энэ зорилтын хүрээнд манай суманд сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, сүлжмэлийн үйлдвэр, тавилгын үйлдвэрийг дэмжин ажиллахаар гэрээ байгуулсан. “Алдар хээ” ХХК нь сүлжмэлийн үйлдвэрээ өнгөрсөн тавдугаар сард нээн үйл ажиллагаагаа явуулж байна, Тавилгын үйлдвэр байраа засварлаж, тоног төхөөрөмжөө угсарсан байна. Үүнийгээ дагаад иргэд ажлын байраар хангагдаж байгаа.

-Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Сумын төвийн шинэчлэлийг явуулж байгаатай холбогдон 36 иргэнийг ажлын байраар хангалаа. Дээр ярьсан сүлжмэлийн болон тавилгын үйлдвэрүүдийг аймаг орон нутгийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Одоогоор энэ хоёр үйлдвэр байраа засварлаж тохижуулан бараа материалаа татаж, найман хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

-Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулсан эсэх талаарх мэдээлэл олон нийтэд ил тод байх ёстой. Энэ онд сумынхаа ОНХС-гийн хөрөнгөөр ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

-Энэ онд манай сумын ОНХС-гийн хөрөнгө 75 сая төгрөгөөр нэмэгдсэн. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, ИТХ-ын 2018 оны 52 дугаар тогтоолоор 16 ажлыг 142 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, Алдар, Богдын гол багийн зам засварлахад 20 сая төгрөг, Богдын гол багийн хөгжлийн төвийг 30 сая төгрөгөөр, Өгөөмөр багийн хөгжлийн төвийг 10 сая төгрөгөөр, Шар жараанд ногоо тарих, худаг гаргахад найман сая төгрөг, Чигэстэй багийн малын зөөврийн хашаанд таван сая төгрөг, Хүрэн толгойн гармын гүүр барихад 14 сая төгрөгийг тус тус зарцууллаа.

-“Миний гоё сум” хөтөлбөр, “Эко Завхан” аяны хүрээнд хийж буй шинэлэг ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч. Сумаа гоё, сайхан, цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал. Танай сумын иргэд хэр идэвх, санаачилгатай оролцож байна вэ?

-“Миний гоё сум”, “Эко Завхан” аяны хүрээнд сумын өнгө үзэмж, хог хаягдлын талаар иргэдийн дунд  санал асуулга явуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмыг ИТХ-аараа батлуулсан. Сумын хогийн цэгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэгтэйгээр аймгийн хогийн цэгийн загвараар стандартын дагуу болгож шинэчиллээ. Уулын орой, булгийн эх дэх хогийг улиралд нэг удаа хуваарь гарган байгууллагуудаар цэвэрлүүлж хэвшсэн байгаа. Иргэд маш идэвхтэй оролцдог. Эзэнгүй хог хаягдал ч багассан байна.  

-Өнгөрсөн жил Алдархаан сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсны үр дүн эхнээсээ харагдаж байгаа болов уу?

-Манай суманд ирсэн хүн бүрийн нүдэн дээр бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгаа нь илт харагдаж байгаа. Энэ нь сум маань хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсны ач шүү дээ. Алдархаан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй болгох төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачлан хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ