Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулав

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-10-18 09:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.

Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Энэ сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

Холбоотой мэдээ