“НҮБ-ын төгөл”-д 200 мод тарьж суулгалаа

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-10-18 17:45:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон харьяа агентлагуудын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр гацуур, нарс, хайлаас 3 зүйлийн 200 мод тарилаа.

Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, “Бид НҮБ-ын өдрийг угтан мод тарьж байна. Энэ өдөр жил бүрийн аравдугаар сарын 24-нд болдог. Нөгөө талаар бид мод тарьж буй нь ирээдүй хойч үедээ ногоон байгууламжийг үлдээх хүчин чармайлт юм. Энд бид хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн ажилд хүүхэд, залуучууд оролцож байгаад баяртай байна” гэсэн юм.


Тэрээр, “НҮБ-ын бүх агентлаг хамтраад эрүүл орчин, аюулгүй хүнсний байдлыг бий болгохын төлөө нэгдэн ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн төлөө олон улсын байгууллагууд, Засгийн газартай хамтарч ажилладаг. Нэг зорилгын төлөө тал бүр тууштай ажиллах нь чухал юм" гэж байв.

Өнөөдөр шинээр тарьж буй нарс, хайлаас модны үрсэлгээг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд ажиллаж буй ойн ангиудаас авчирчээ. Энд БОАЖЯ болон НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжиж байгаа юм.

2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "НҮБ-ын төгөл"-ийг анх байгуулж байсан бол одоо нийтдээ 5 төгөл болоод байна. Энэ жил мод нэмж тарих санаачилгыг НҮБ-ын Суурин зохицуулагч гаргасан юм. Дээрх санаачилгыг дэмжин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар мод тарихад оролцлоо.


Дэлхийн байгууллага гэгддэг НҮБ-ын дүрэм 1945 онд хүчин төгөлдөр болж байв. Энэ өдөр  болох 10-р сарын 24-нийг 1948 оноос эхлэн НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ жил НҮБ байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна. НҮБ-ын өдрийн хүрээнд 10-р сарын 19-нд НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд Нээлттэй хаалганы өдөрлөг болох талаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра өнөөдөр мэдээллээ. 

Холбоотой мэдээ