Х.Баттулга: Эрдэс баялгийн бодлогод эрдэмтдийн оролцоо чухал

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-10-18 20:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Тэрбээр энэ салбарт баримталж буй байр сууриа илэрхийлж, эрдэс баялгийн бодлого тодорхойлоход салбарын эрдэмтдийг дуу хоолойгоо харамгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “Геологийн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй. Манай газар нутаг, түүний хэвлий дэх баялаг нь тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бөгөөд бидний оршин тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын том үндэс юм.

Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу “…гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад” байх ёстой газрын хэвлий дэх баялгийг нээн олж, арвижуулагчид нь геологичид Та бүхэн бөгөөд шинээр илрүүлэн нээж олсон орд, уурхай баялаг болгон тань үндэсний баялгийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхыг сайжруулж ёстой гэж үздэг. Хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон эрдсийн нөөц нь тухайн үндэстний өмч мөн болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх, ялангуяа нийтийн өмч мөн гэдгийг баталгаажуулах шаардлага тулгарч байна.


Шинжлэх ухаанаар, тооцоо судалгаагаар хэмжээг тогтоосон эрдсийн нөөц болон түүнийг агуулж байгаа газар нь уул уурхайн олборлолт явуулах, хамтарсан гэрээ байгуулах нөхцөлд Монголын талын хөрөнгө оруулалт хэмээн үнэлэгдэх, тооцогдох ёстой өмч юм. Тийм учраас Монголын нийт ард түмний өмч болсон газрын хэвлий дэх баялгийг хэн нэгэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай яриа хэрхэвч байж таарахгүй бөгөөд улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн, бодит эдийн засгийн үр өгөөжийг эрх тэгш хүртэх ёстой. Тиймээс уул уурхайн салбарт Үндсэн хуулийнхаа 6.1 дэх заалтыг зөрчсөн байдлаар олборлолт, ашиглалтын гэрээ хийсэн тохиолдлуудыг эргэн харах, хуульд нийцүүлэх үе бидний өмнө тулгарч байна” гэв.


Улс орныхоо эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэхэд геологичид Та бүхэн ихээхэн үүрэг гүйцэтгэх тул мэргэжлийн ур чадвараа төдийгүй техник технологио орчин цагийн өрсөлдөөнд эн тэнцэх хэмжээнд хүргэж хөгжүүлэ, эрдэс баялгийн бодлого тодорхойлоход өөрсдийн дуу хоолойг харамгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хайгуул судалгааныхаа чиглэлийг ч гэсэн дэлхий нийтийн ирээдүйн хэрэгцээ шаардлагыг угтуулж, амдах байдлаар тогтоож, үндэстнээ ядуурлаас ангижруулах, ард түмэндээ баялгийнх нь үр шимийг шигд хүртээх, эрдэм боловсролд хөтлөх энх тунх амьдралыг авчрах үйлсэд түүчээлэгчид байгаарай хэмээн уриалсан юм.

Холбоотой мэдээ