"Улаанбаатар-Мандалговь" цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг хүлээлгэн өглөө

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-19 12:22:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эксим банкны 113,04 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, Монгол улсын Засгийн газрын 5,95 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Мандалговийн 330 квт-ын 250 км урт цахилгаан дамжуулах шугам, хоёр дэд станцыг ашиглалтад оруулж, 10 дугаар сарын 18-нд хүлээлгэн өглөө.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Дундговь аймгийн хувьд эрчим хүчний хоёр талын найдвартай эх үүсвэртэй болж, аймгийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд ихээхэн ач холбогдолтой болж байна. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч эхлэх ба хойд, урд хөрш орнуудад эрчим хүч экспортлох, цаашлаад Өрнө, дорныг холбосон уртрагийн цахилгаан шугам сүлжээг үүсгэх эхлэл тавигдаж байна” хэмээн онцлов.

“Мандал” дэд станц ашиглалтад орсноор өмнөд бүсийн эрчим хүчний хангамж найдвартай болж, Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон бусад уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн БНХАУ-ын эрчим хүчний хэрэгцээг хангах, цахилгаан эрчим хүч экспортлох нөхцөл бүрдсэнээрээ онцлог аж.

Тус ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд “ТВЕА” компани, туслан гүйцэтгэгч компаниудын хамт хийж гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ