“Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” үйл ажиллагаа зохион байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-19 23:53:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 58 жилийн ой, “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулсан “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” үйл ажиллагаа өнөөдөр Өлгий хотод боллоо.

Уг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч, иргэд 300 орчим хүн оролцлоо.

Оролцогчид Өлгий хотын төв талбайгаас хуучин Онгоцны буудал хүртэлх дөрвөн километр газарт явганаар алхлаа. Мөн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчин, вируст А гепатит өвчний талаар, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, Цагдаагийн газраас "Дураараа биш дүрмээрээ" аян, Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.

"Хүн эрүүл байхын тулд өдөрт доод тал нь 10 мянган алхалт хийх ёстой. Энэ нь ойролцоогоор 2,7 км гэсэн үг. Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхах, явган явах гэж үздэг. Биеийн хөдөлгөөн бага хийдгийн улмаас хүмүүс янз бүрийн өвчин эмгэг тусаж байна. Тийм учраас ард иргэдийг биеийн тамираар хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийхэд уриалан дуудах зорилгоор өнөөдрийн явган алхалтыг зохион байгуулж байгаа" гэдгийг аймгийн ЭМГ-ын хэлтсийн дарга Ш.Иманхан онцоллоо.

Зохион байгуулагчид дээрх үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд байна.

  

Холбоотой мэдээ