Төмс, хүнсний ногооны ургац хураалт дууслаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-19 23:13:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намрын төмс, хүнсний ногооны ургац дуусч 3585,2 тонн төмс, 851,7 тонн хүнсний ногоо хураан авчээ.

Нэгж талбайгаас дунджаар 101,5 центнер төмс, 71,7 центнер хүнсний ногоо авсан бөгөөд ургацын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс буурсан аж.

Хутаг-Өндөр сумын төмс, хүнсний ногоо тариаланчид аймгийн хэмжээнд хамгийн өндөр ургац авсан байна. Тухайлбал нэгж талбайгаас 178,8 центнер төмс авч, аймгийн хэмжээнд авсан ургацын бараг тал хувь буюу 1720 тонн төмс хураажээ. Тус сумынхан төмс, хүнсний ногоогоо Хөвсгөл аймаг руу ихэвчлэн борлуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн үерийн улмаас ихэнх өрх зоорьгүй болсон юм. Тиймээс шинэ ургацын ногоог нөөцлөхгүй борлуулах ажил хийж байна гэж сумын Засаг дарга П.Итгэлбаяр ярилаа.

Холбоотой мэдээ