Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2019-10-20 11:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болсон зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн үйл явдал өрнөв. Засгийн газраас эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч суурилуулах, УБЕГ-аас иргэдийн авдаг 38 төрлийн лавлагаа, үйлчилгээний төлбөр төлөх шугамыг “ebarimt” системд шилжүүлсэн зэрэг нь ч олны анхаарлын төвд байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Улсын бүртгэлийн 38 үйлчилгээний төлбөрийг "Ebarimt" системээр төлдөг боллоо



Засгийн газрын энэ сарын 16-ны хуралдаанаар, УБЕГ-аас иргэдийн авдаг 38 төрлийн лавлагаа, үйлчилгээний төлбөр төлөх шугамыг “ebarimt” системд шилжүүлэхээр шийдвэрлэв.


Иргэд улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээ авах төлбөр тушаахдаа банканд 2-3 цаг зарцуулж байгаа талаар гомдол ирдэг байна. Харин Сангийн яамнаас жил орчмын хугацаанд энэ асуудлыг судалсан бөгөөд Гааль, татварын санхүүгийн мэдээллийн төвийн “ebarimt” системийг хариуцаж байгаа мэргэжилтнүүд шийдлийг нь олжээ. Тодруулбал, иргэд НӨАТ-ын буцаан олголт авдаг “ebarimt” системээ ашиглан төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэсний бүртгэлтэй холбоотой үйлчилгээнийхээ төлбөрийг ухаалаг гар утаснаасаа цаг хугацаа, орон зай үл хамааран төлөх боломж бүрдүүлсэн байна. Ингэснээр иргэд заавал банкинд очиж цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллага энэ үйлчилгээг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


Мөн Засгийн газрын хуралдааны үеэр, Ерөнхий сайд энэ ондоо багтаан төрийн бүх байгууллагын үйлчилгээг энэ системд шилжүүлэх чиглэл, албан даалгавар өгчээ. Түүнчлэн иргэдээс авдаг төлбөр, хураамжийн хувь хэмжээг багасгахад анхаарахыг үүрэг болгосон байна.


Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч багаж суурилуулна



Засгийн газрын энэ сарын 16-ны хуралдаанаар эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч суурилуулахаар болов. Хэмжигч, илрүүлэгчийг худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах аж.


Үүний өмнөх буюу Засгийн газрын энэ сарын 9-ний ээлжит хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон ирэх сарын 1-нээс өмнө нэг удаа үнэгүй суурилуулах юм. Үүнд нийт 6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргахаар болсон.


Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууц барихад НӨАТ-аас чөлөөлнө



УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны ээлжит хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөв дүгээр сарын 3-ны 129 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Сайншандад 550 айлын орон сууцны хотхон барих болсон. Энэхүү хотхонд Дорноговь аймагт байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтнуудыг оруулахаар төлөвлөж буй юм. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барих бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ.


Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөлд газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгох зохицуулалт тусгасан юм. Дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг баталсан тохиолдолд Засгийн газар НӨАТ болон Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох барааны жагсаалтыг батлах юм.


Онцгой байдлын салбарт 57.9 сая еврогийн тоног төхөөрөмж зээлээр олгоно



Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Санхүүгийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсад суугаа БНФУ-ын Элчин сайд  Филипп Мэрлин нар энэ сарын 16-нд гарын үсэг зурлаа.


Энэхүү хэлэлцээрийн хүрээнд, БНФУ-ын Засгийн газрын 57.9 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас авран хамгаалах нэгж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефт хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Засгийн газрын наймдугаар сарын 21-ний хуралдаанаар, Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулах шийдвэр гаргажээ.


Зээлээр хэрэгжиж буй төслийн хүрээнд худалдан авах нисдэг тэргийг Онцгой байдлын байгууллагаас гадна Үндэсний тусгай чиг үүргийн цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эмнэлгийн байгууллага хамтран ашиглах боломжтой юм.


Хорт хавдар илрүүлэх төхөөрөмжийг 21 аймагт суурилуулна



Хорт хавдар эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаар тусгасан хуулийг УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны нэгдсэн хуралдаанаар баталсан талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  мэдээлэв.


Хуульд тусгаснаар, 40 болон түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм байна. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Харин товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцахаар хуульд тусгажээ.


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд улсын төсвийн 39.4 тэрбум төгрөгөөр 21 аймаг, нийслэлд долоон төрлийн хавдрыг оношлох тоног төхөөрөмж суурилуулна” хэмээн онцоллоо. Мөн тодорхой журам гаргаж, хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг тэмдэглэв.


Эдийн засгийг өсгөхийн тулд өгөөжтэй төсөлд л хөрөнгө оруулна



УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.6 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байв. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэх аргыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн. Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдэж, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлсөн, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсвийн төслийг танилцуулахдаа онцолсон.


Тэрбээр, “2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш ашигтай анхны тохиолдол. Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм. 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсрууллаа” хэмээв. (Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр энд дарж үзнэ үү)


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2020 оны төсвийг өргөн барихдаа Аудитын газраас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтийг бодитой тусгасан эсэхийг тодрууллаа. Аудитын байгууллагаас төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газарт гадаад, дотоод хүчин зүйлийг бодитой тооцдоггүй, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримталдаггүй зэрэг зөвлөмжийг хүргүүлээд буй юм.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2020 онд эдийн засгийн хэд хэдэн эрсдэл бий. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурах, дотоодод өвөлжилт хүндрэх зэрэг. Тиймээс эдийн засгийг өсгөх, өсөлтийг хүртээмжтэй байлгахын тулд улсын төсвөөр үр дүнтэй, өгөөжтэй төсөлд л хөрөнгө оруулахаар тооцсон” гэсэн хариулт өглөө. Ийнхүү төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын бүх байнгын хороонд шилжүүлсэн юм.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв



Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 15-ны өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэж, яам бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.


Сангийн яам: Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэх, аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх ажил өрнүүлнэ. Мөн Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэх, орон нутгийн дэд бүтцийг өргөтгөх, боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, засаглал, төрийн ил тод, цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэх юм.


Эрчим хүчний яам: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан захын бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Тавантолгойд дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц барина.


Зам, тээврийн хөгжлийн яам: Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ. Тавантолгой-Зүүн баянгийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна. Сайншанд-Хөөтийн 433 км, Хөөт-Бичигтийн 234 км зам тавьж эхэлнэ. Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинтын авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн хурдны авто зам барьж эхэлнэ. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барина.


Гадаад харилцааны яам: 2021-2025 онд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулна. Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах болон бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байна.


Хууль зүй, дотоод хэргийн яам: Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааны үндэсний хөтөлбөр батлуулна. “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нийслэл, орон нутагт байгуулна. Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна. Мөн харьяа байгууллагууд болон албан хаагчдын орон сууц зэргийг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн чадавхийг бэхжүүлж, бүрэн цахимжуулна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.


Барилга, хот байгуулалтын яам: Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна. Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлнэ. Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна. Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам: Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:  Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулна. Аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барина. Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ. Хүнсний ногооны дотоодын хэрэглээг жилийн турш тогтвортой хангана. Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг тухай бүр хийж, усалгаатай тариаланг хөгжүүлнэ. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам: Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна.


Эрүүл мэндийн яам: Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ. Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ. Эхийн эндэгдлийн түвшинг 10 мянган амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулна. 10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, түлш борлуулах, түгээх, сүлжээний хэвийн байдлыг хангана. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бага, дунд оврын уурын зуухуудыг буулгаж, төвлөрсөн системд холбоно. Ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувьд хүргэнэ. Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ.

Холбоотой мэдээ