Дэлхийн алхалтын өдөрт 400 гаруй хүмүүс нэгдэв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-20 12:27:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Хэрлэн сумын ЗДТГ,  Хэнтий йога төв, Хэнтий аймгийн алхалтын холбоо хамтран "Алхангаа ярилцъя" нийтийн алхалтыг зохион байгууллаа.


Уг үйл ажиллагаанд Хэнтий аймгийн төрийн болон ТББ-ын 400 гаруй хүмүүс, хүүхэд багачууд оролцсон бөгөөд Чингисийн талбайгаас эхэлж, Хэрлэнгийн гүүр рүү гурван км алхалт хийлээ. Мөн нийт оролцогчдын дунд азын сугалаа, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, "Ай ёо доктор" Б.Дугархүү эмч "Ясны сийрэгжилт, Таргалалтаас сэргийлэхэд алхалт чухал" сэдвээр сонирхолтой лекц тавилаа.


Үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд хөдөлгөөн хөгжил хөтөлбөрийн хүрээнд "Хэнтий аймгийн Алхалтын холбоо" байгуулагдсанаа зарлаж, тамга тэмдгээ гардан авлаа. 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгааг үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь бид өдрийн 5-8 цагт нь  байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ.


Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт багаар бодоход 30-аас доошгүй минут эрчимтэй алхах хэрэгтэй гэнэ.  Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улиралд өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой.

Холбоотой мэдээ