БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Фото
185@montsame.mn
2019-10-21 11:45:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар аравдугаар сарын 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, боловсрол, соёл, урлагийн ажилтнуудтай уулзалт хийсэн юм.


Тодруулбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тус аймгийн Ардын дуу, бүжгийн "Алтай" чуулгад аймгийн төв болон Тайшир, Цогт, Дэлгэр, Халиун зэрэг сумдын багш, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчид, Анагаах ухааны сургуулийн төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа салбарын сайддаа уламжилахын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Уулзалтын үеэр сайд хэлсэн үгэндээ багш нарыг адистатчилж чадвартай, хүүхдээ хөгжүүлэх арга зүйтэй багш нарт ур чадварын нэмэгдлийг олгох, сурагчдын сурч, боловсроход эцэг эхчүүдийн оролцоо нэн шаардлагатай болохыг онцлон тэмдэглээд эцэг эх, багш, сурагчийн гурвалсан холбоог сайжруулж ажиллах үүрэг, өгсөн юм. Мөн багш нарыг хичээл сургалтаас өөр ажилд дайчлахгүй байж, үндсэн ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангахын төлөө салбарын яам тодорхой шийдвэрүүд гаргаж, орон нутагт чиглэл өгснийг дурдаад ерөнхий боловсролын сургалтын чанарын үнэлгээгээр Говь-Алтай аймаг тэргүүлж байгаад баяр хүргээд амжилтаа бататгахыг хүслээ. Тэрээр орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санал санаачилгын үр дүнд Говь-Алтай аймгийн боловсролын салбарт түүхэндээ байгаагүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Яг одоогийн байдлаар 603 төсөл арга хэмжээ боловсролын салбарт хэрэгжиж байна. Үр дүн гаргах тал дээр салбарынхан онцгойлон анхаарах хэрэгтэй байна хэмээн онцолсон юм. Түүнчлэн уулзалтын үеэр сурган хүмүүжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган бусдыгаа манлайлан ажиллаж буй багш нарт салбарын шагналыг гардуулав.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, УИХ-ын гишүүн Ш. Раднаасад аймгийн боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт тулгамдаж буй асуудлуудыг салбарын сайддаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Түүнчлэн ажлын хэсэг Алтай хотод баригдаж буй АШУҮИС-ийн хичээлийн байр, Номын сан, Усан бассейн, 100 болон 320 хүүхдийн суудал бүхий цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, зарим байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг ирэх оны төсөвт багтаахаар боллоо.


Уулзалтын дараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тус аймгийн БОАЖГ-ын үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйл ажиллагааг хурдан шуурхай хүргэх зорилгоор тус газарт пургон автомашин, Есөнбулан сумын байгаль хамгаалагч нарт мотоцикл гардуулсан юм. Мөн тэрээр тус аймгийн Цогт суманд ажиллан орон нутгийн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан бөгөөд мөн үеэр тус сумын хүн эмнэлгийн шинэ байрны нээлтэд оролцлоо.