Төрийн байгууллагууд нэг цэгт төвлөрсөн үйлчилгээ үзүүлж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-21 16:56:29

Увс /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, тэдний санал зөвлөмжийг судалж, бодлого шийдвэрт тусгах зорилго бүхий Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Улаангом хотноо болж байна.

“Үйлчилгээний нэгдсэн төв” болон түүний урд талбайд зохиож буй уг өдөрлөгт ард иргэд өргөнөөр хамрагдаж, төрийн үйлчилгээг нэг дороос хүртэх боломж нээлттэй байна. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын харъяа 22 агентлаг, Улаангом сумын ЗДТГ болон бусад албан байгууллагууд оролцож, тухайн жилд хийсэн ажлаа иргэдэд гарын авлага, самбар, үзэсгэлэн хэлбэрээр танилцуулж байна.

Иргэд эндээс татвар, нийгмийн даатгал, эрүүл мэнд, хөдөлмөр халамжийн үйлчилгээг хүртэхээс гадна гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, дулаан хангамжийнхаа төлбөр тооцоог төлөх, хот хоорондын автобусны тасалбар бичүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээг хүртэх боломжтой байна.  

 

Холбоотой мэдээ