Үзэсгэлэн худалдаагаар үйлдвэрлэгчид 23.2 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-21 16:39:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс нутаг гэдэг утгаараа Сэлэнгэ аймаг атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүрээнд олон цуврал ажил үйлчилгээг явуулж байгаа юм. Үүний нэг хэсэг болох 2019 оны шинэ ургацын хүнсний болон бараа бүтээгдэхүүний “Сэлэнгэ ургац-2019” аймгийн үзэсгэлэн худалдааг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын ивээл дор явуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцогчид зөвхөн өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахыг эрмэлзсэнгүй. Үйлчлүүлэгчдэд аль болох чанар стандартад нийцсэн, гоёмсог сав баглаа боодолтой, эрүүл ахуйн шаардлага хангасан, эко, эрүүл хүнс, бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьсон байв. Энэ хүрээнд зохион байгуулагчдын зүгээс тодорхой номинациудад шалгаруулан урамшууллаа. Тухайлбал “Зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар Хүдэр, “Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Сайхан сумын “Сүүн зам” бяслагийн үйлдвэрийн “Бяслаган бүтээгдэхүүн”, Баянгол сумын иргэн Д.Хишигмаагийн “Хушгатай ногоон цай" цайны цуглуулга, “Органик бүтээгдэхүүн”-ээр Цагааннуур сумын иргэн Л.Тунгалагийн “Мах махан бүтээгдэхүүн” тус тус шалгарлаа.

Мөн “Шилдэг хоршоо”-гоор Сант сумын “Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо, “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Мандал сумын “Зүүнхараад үйлдвэрлэв” гутлын үйлдвэрийн гутал, Зүүнхараа кашмерийн “Ноос ноолуур бүтээгдэхүүн”, Сүхбаатар сумын Б.Ууганбаярын “Ширэн эмээл, хазаар, суран эдлэл”, Зүүнбүрэн сумын иргэн А.Лхагвасүрэнгийн “Цуунд дарсан саримс” зэрэг бүтээгдэхүүнүүд шалгарлаа.

“Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн худалдаанд аймгийн бүх сумыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулж байгаа нь тэдний хийсэн бүтээгдэхүүнийг аймагтаа сурталчлан таниулах, хоорондоо туршлагаа хуваацах, бүтээгдэхүүнээ солилцох боломжийг олгож байгаа ажээ. Иймээс сумд бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн аймгийн төвдөө авч ирэхэд нь шатахууны дэмжлэг болгож, аймгийн Засаг даргын нөөц сангаас 3.7 сая төгрөгийг зарцуулжээ. Тус үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаанд 17 сумын 117 аж ахуйн нэгж, иргэд 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож, 23.2 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.  



Холбоотой мэдээ