Нийслэлийн гурван үеийн 300 гаруй гэрэл зургийг дэлгэлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-21 16:01:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 380 жилийн түүхт ойг угтсан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн гэрэл зурагчдын 300 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнгээс Өргөө, Их Хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэж байсан тэртээх он жилүүдийн хүрээ хотын байдал, оршин суугчдын нь ахуй төрх, ажил хөдөлмөр, арилжаа наймаа гээд нүүдлийн амьдралаас суурьшмал соёл иргэншилд шилжсэн бодит түүх, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласан 1924 оноос хойших их бүтээн байгуулалтын он жилүүдийн ололт амжилтыг харах болно” гэв.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хотын "Өргөө" гэх нэг үе, "Их хүрээ" хэмээгдэх хоёр дахь үе, "Нийслэл хүрээ" гэж нэрлэгдсэн гурав дахь үеийн он цагийн хэлхээсийг харуулахыг зорьсноороо мөн онцлогтой аж. Үзэсгэлэнг  Нийслэлийн өдөр буюу энэ сарын 29 хүртэл дэлгэх юм байна.

Холбоотой мэдээ