"Улаанбаатар -Олон улсын өдөрлөг 2019" -т 16 хотын төлөөлөгч оролцож байна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-21 15:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцлоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттой ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай. Ах, дүүгийн харилцаа  тогтоосон он дарааллын хуудсыг 1957 онд ОХУ-ын Москва хот эхлүүлдэг бол хамгийн сүүлийн гэрээг 2019 онд Бүгд Найрамдах Казахстаны Нур-Султан хоттой байгуулаад байна. Метрополис хотын хувьд, Улаанбаатар хотод бүрэн шийдвэрлэгдээгүй, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тухайлбал, бид агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн асуудал, хог хаягдлын менежмент зэргийг жишээ болгон дурдаж болно. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, ахан дүүсийн харилцаат хотуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй ногоон байгууламж, хот байгуулалт, дахин төлөвлөлт, зам тээвэр зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхдээ бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, түүх соёлын дурсгалт өвийг хамгаалах, сэргээн засварлах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорьж байна” хэмээн онцлов. 

Олон улсын өдөрлөгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва болон гадаадын зочид төлөөлөгчид үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” өдөрлөгт ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Бангкок, Япон Улсын Мияконожо, БНКУ-ын Нур-Султан зэрэг хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож  байна.



Холбоотой мэдээ