Ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулснаар ажилгүйдэл буурсан

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-11-17 13:15:42

Өмнөговь аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын мэргэжилтэн Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.


- Өмнөговь аймагт ажилгүйдлийг бууруулах талаар ямар ажлууд хийж байна вэ?

- Засаг даргын 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх бид хамтдаа үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгийн нэг дэх заалтад Өмнөговь аймгийн ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн байгаа. Энэхүү заалтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай аймаг нь уул уурхай түлхүү хөгжсөнөөрөө онцлог. Тиймээс 2019 онд уул уурхайн компаниудтайгаа хамтран нээлттэй ажлын байрны өдөрлөгийг хоёр удаа зохион байгууллаа. Мөн зорилтот иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэдэд чиглэсэн төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг зохион байгуулсны үндсэн дээр энэ онд 66 ахмад настан, 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 20 өрх толгойлсон эцэг, эх ажлын байртай болоод байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв гэж бий. Энэ төвөөр дамжуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин үйл ажиллагаа явуулж байна. Мөн Политехникийн коллеж маань мэргэжлийн боловсролыг олгох чиглэлээр ажиллаж байна. Энэ мэт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажилласнаар энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1003 шинэ ажлын байр, 50 түр ажлын байраар иргэдээ хангасан байна. Мөн 720 иргэнийг ажилд зуучилсан. Манай аймгийн хувьд 2017 онд ажилгүйдлийн түвшин 16,6 хувьтай байсан бол 2018 онд 7.3 болж буурсан байгаа.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудтай хамтраад нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг зохион байгуулсан. Энэ талаараа тодруулах уу?

- 2017 оноос эхлээд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай энэ тал дээр  хамтран ажиллаж байгаа. Үүний нэг нь ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөг юм. Энэ жилийн хувьд гурав дахь удаагаа зохион байгуулсан. Ажлын байрны энэхүү өдөрлөгийг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж байсан бол 2019 онд Гурвантэс, Ханбогд, Цогтцэций суманд, тухайн сум нь аж нэгжүүдтэйгээ хамтраад зохион байгуулсан. Энэ оны өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг тухайн өдрөө ажлын байраар хангасан байгаа.

- Өмнөговь аймгийн хувьд ямар ажлын байр эрэлттэй байна вэ?

- Өдөр бүр Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр 40-50 ажлын байрны нээлттэй зарууд ирж байдаг. Энд ихэнхдээ үйлчилгээний салбарын ажлын байрууд байдаг. Тэр дундаа уул уурхайн салбараас энэхүү ажлын байрны зар ирсэн байдаг. Үүнээс гадна оператор, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнууд эрэлттэй байдаг.

-Политехникийн коллежтой хамтраад мэргэжил олгох түргэвчилсэн сургалтуудыг явуулж уул уурхайд ажлын байранд зуучлах ажлыг явуулаад байдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-"Оюутолгой" ХХК-тай хамтраад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийг байгуулан ажилладаг Уг ажлын хэсэг Өмнөговь аймгийн иргэдийг ажлын байраар хангах, мөн мэргэжил болон мэргэжилийн чиг баримжаа олгох талаар үйл ажиллагаа явуулдаг. 2018 оноос эхлээд Политехник коллежтой хамтраад Оюутолгой, Энержиресурс зэрэг компани иргэдэд мэргэжил олгох түрэвчилсэн сургалтыг хамтран зохион байгуулж байна. Санхүүжилтыг тухайн компани өгөөд суралцаж байгаа иргэн тодорхой хэмжээний тэтгэмжтэй сурч байна. Энэхүү сургалт нь 3-6 сарын хугацаатай суралцаад шууд ажлын байртай болж байгаа юм.

- Тэтгэмж нь хэдэн төгрөг байдаг вэ?

- Манай коллежийн үндсэн суралцагчиддаа сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжтэй. Түргэвчилсэн сургалтад сурч байгаа иргэд мөн адил хэмжээний тэтгэмж авч сурдаг.

- Уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн иргэдийг ажилд авдаггүй, дийлэх нь үйлчилгээний ажилтан авдаг гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Үүн дээр аймгаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэг дээр энэ асуудал их яригддаг. Нээлттэй ажлын байрны зар дээр ч гэсэн ихэнх нь үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг авах зар ирдэг. Нарийн мэргэжлийн, цалин өндөр ийм ажлын байруудад манай аймгаас хүн авдаггүй гэдэг л дээ. Энэ талаар бид олон удаагийн уулзалтууд дээр хөндсөн. Аймгийн хувьд ийм ажлын байруудад иргэдээ шатлан дээшлүүлэх гэсэн зөвшилцөлд хүрээд байгаа. Нарийн мэргэжлийн ажлын байрууддаа ажлын дадлага туршлага, тухайн мэргэжлээрээ ажилласан байх гэсэн шаардлагуудыг тавьдаг юм байна. Зарим компани дээр бид харилцан ярилцаад нарийн мэргэжлийн хүмүүсийг ажилд оруулсан байгаа.  

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох тал дээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд жил бүр сая төгрөг төсөвлөдөг. 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асардаг нийт 27 хүн ажлын байртай болох төсөл хөтөлбөрт хамрагдсан байгаа. Тухайн иргэд тус бүр 1,5 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт аваад үүгээрээ ажлын байр бий болгосон. Энэхүү 27 хүнээс харааны бэрхшээлтэй дөрвөн хүн гэхэд бариа засал болон массажийн төв ажиллуулахаар болоод тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тухайн дөрвөн хүний хоёр нь бүрэн хараагүй, хоёр нь тодорхой хэмжээний харааны бэрхшээлтэй.

- 40-өөс дээш насныхан ажлын байр олдох нь ховор нийгмийн хэсэг давхаргынхан байгаад байдаг шүү дээ. Энэ хүмүүсээ ажлын байраар хангах талаар ямар ажлыг хийж байна вэ?

-Зорилтот бүлэг дотроо энэ хүмүүс ордог. Жишээ нь, цэрэг хүчний салбараас эрт тэтгэвэртээ гарчихсан, тэтгэвэртээ гараагүй ч ажлын байрны онцлогоос шалтгаалан тухайн насныхныг ажилд авах боломжгүй гэх шалтгаанаар ажилд орж чаддаггүй хүмүүс байдаг. Энэ насны хүмүүсээ бид ахмад гэдэг рүү л оруулж байна л даа. Тэгээд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ерөнхийдөө зорилтот бүлгийнхэнд зориулан 50 сая төгрөг төсөвлөдөг. Харин Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зургаан хөтөлбөр байдаг. Энд ахмад настны зөвлөх үйлчилгээ гэсэн хөтөлбөрт ахмадуудад ажлын байрыг бий болгож байна. Орон нутгаас зохион байгуулж зорилтот бүлгийн иргэдэд зориулсан төслөөс 66 ахмад настан тус бүр 1,5 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн дэмжлэгийг аваад хувиараа буюу гэрээрээ ажлын байр бий болгон өрхийн үйлдвэрлэл эрхлээд орлого олох боломжтой болсон байгаа. 

Холбоотой мэдээ