Орос хэлний бүсийн олимпиад зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-12 18:05:21
Архангай /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Архангай аймагт орос хэл, Оросын соёлын бүсийн үйл ажиллагааг 11-р сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Архангай аймагт ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОШУСТ-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев аймгийн удирдлагуудтай уулзаж, МУБИС-ийн Архангайн багшийн сургуульд орос хэлний төвийг нээлээ. Мөн орос хэлний бүсийн олимпиадыг 12-р ангийн төгсөгчдийн дунд зохион байгуулж, орос дуу, шүлгийн уралдааныг явуулсан юм.
Орос хэлний багш нарын олимпиадад Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн орос хэлний багш Ш.Батсүх, Өндөр-Улаан сумын багш Б.Ганзориг, Ж.Сарангэрэл нар эхний байруудад шалгарч, ОХУ-д мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнуулсан.
12-р ангийн сурагчдын дунд зохиосон орос хэлний олимпиадад Д.Байгальмаа багштай Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Номундарь, Н.Энх-Амгалан нар шалгарч, ОХУ-ын их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн бичгээр шагнуулжээ.
Орос дуу, шүлгийн уралдаанд Тариат сумын Э.Нарантунгалаг багштай хүүхдийн найрал дуу тэргүүн байр, Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн Д.Ариунтунгалаг багштай дуу бүжгийн хамтлаг 2-р байр, Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн Ц.Энхтуяа багштай С.Ондор 3-р байр, Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн Ж.Өнөржаргал багштай бүжгийн хамтлаг тусгай байр, Хотонт сумын С.Минжмаа багштай Б.Дэлгэрмаа тусгай байрыг тус тус эзэлсэн байна.
Харин шүлгийн тэмцээнд Ихтамир сумын н.Сүхбаатар багштай сурагч М.Анужин 1-р байр, Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн П.Хажидмаа багштай Б.Энхчимэг 2-р байр эзэлжээ.
Бүсийн үйл ажиллагаанд Архангай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн багш сурагчид оролцсон юм.
Холбоотой мэдээ