“Умард урсгал-2” төслийг ЕХ дэмжиж байгааг буруушаажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-11 14:39:44

ЛОНДОН. /TASS/. Хий дамжуулах хоолой тавих “Умардын урсгал-2” төслийг дэмжиж буй Европын холбооны /ЕХ/ орнууд үнэндээ Оросын армид шинэ зэвсэг худалдаж авах төлбөрийг хийж байна гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Их Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


““Умардын урсгал 2” төслийн ачаар ОХУ Европын мөнгөөр шинэ зэвсэг худалдан авч байна гэж олон хүн цаагуур тойруулалгүй шуудхан ярьцгааж байна. Энэ төсөл ЕХ-ны гол гишүүн орнуудаас ихээхэн дэмжлэг авч байгаад сэтгэл маш дундуур байна” гэж Моравецкий хэлсэн байна.


Тэрбээр мөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг шүүмжилжээ. Макрон өнгөрсөн долоо хоногт “The Economist” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Умард Атлантын эвслийн /НАТО/ “тархи үхмэл” байдалд орсон гэж цохон тэмдэглэээд, НATO-гийн гишүүн орнууд эвслийн дүрмийн тавдугаар заалтыг дагаж мөрдөнө гэдэгт итгэлгүй байна гэж мэдэгдсэн байна. Уг заалтад эвслийн аль нэг гишүүн халдлагад өртвөл бусад нь хамгаална гэж заасан байдаг аж.


“Ерөнхийлөгч Макроны эргэлзээ бусад холбоотныг Франц өөрөө хамтын хамгаалах зарчмийг дагаж мөрдөх эсэхэд эргэлзээ төрүүлж болзошгүй гэж үзэж байна. Франц хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж урьдын адил найдах боломжтой гэж би найдсан хэвээр байгаа” гэж Моравецкий онцлон дурджээ. Тэрбээр мөн Макроныг Москватай яриа хэлэлцээ хийхийг зорьж байгааг шүүмжилсэн байна.


“Бид тайван амгалан, ардчилсан Орос улстай хамтран ажиллахыг бүрэн дэмжиж байгаа боловч Орос бол тайван улс биш бөгөөд эргэн тойрон дахь бүх улсдаа хангалттай түрэмгий ханддаг. ЕХ-ны түнш бусад орны Оросын талаарх айдсыг нүдээ анин өнгөрүүлэхийн тулд тус холбооны гишүүдийн эв нэгдэл нь Европын удирдагчдын хувьд маш чухал байх ёстой гэж би бодохгүй байна” гэж тэрбээр хэлжээ.


Холбоотой мэдээ