Тарьсан чацарганы тал хувь нь ургажээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-11 17:41:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тариалсан чацарганы амьдралт 48,6 хувь байна гэж аймгийн Хүнс, хөдөө хөдөө аж ахуйн газар танилцууллаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт дэвшүүлсэн иргэн бүрийг ажилтай орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхээр “Булган жимс, жимсгэнэ” хөтөлбөр гаргасан юм. Энэ хөтөлбөрт чацарганы суулгац олгох, усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх, худаг гаргах, цахилгааны эх үүсвэрээр хангах зэрэгт байгаль хамгаалах сан, “Шинэ хөдөө” төсөл, “Тариалан эрхлэлтийн дэмжих” сангаас нийтдээ 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Зөвхөн чацарганы 304,3 мянган суулгац олгоход 593,9 сая төгрөг зарцуулжээ. Эдгээр суулгацын тал нь ургаж байгаагаас Баян-Агт, Рашаант, Тэшиг, Сэлэнгэ суманд тариалсан чацарганы амьдралт 75-95,0 хувь байна. Харин Гурванбулаг суманд тарьсан чацаргана ургалгүй 32,5 сая төгрөг үржээ. Бүрэгхангай, Хишиг-Өндөр суманд тариалсан суулгац 5-11,2 хувь ургасан мэдээ байна.

Холбоотой мэдээ