Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-12 11:16:39
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан. Ирэх онд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. (Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг энд дарж үзнэ үү)


Төслийн эцсийн найруулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, О.Батнасан, Д.Оюунхорол нарын гишүүн санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, орлого зарлагын хэмжээгээр түүхэн төсөв болсныг тодотгоод, орлогоосоо давсан зарлага төлөвлөөд байгааг анхааруулж, судалгаа хийн төсвийн тэнцвэрийг зөв олох шаардлагатай талаар санал хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Завхан, Увс, Улаанбаатарт баригдах цэцэрлэгийн төсөвт өртгийн зөрүүг шүүмжлэв. Мөн төсвийн зарим ерөнхийлөн захирагч нарын өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын зарцуулалт тодорхойгүй байгааг тодруулах, задаргаатай нь танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Батзандан нар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 2018 оноос эхлэн нэмэгдүүлсээр өнөөдрийн байдлаар 3 хувиар нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх оны эхээр дахин хоёр хувь нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр тусч буй нөхцөл байдлын талаар хэлэв.  Тиймээс 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь нийгэмд бухимдал үүсгэж буйг дурдаад, нэмэхгүй байхаар зохицуулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэсэн санал хэлж байв.


Ийнхүү Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 


Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн орлогын 82.6 хувь буюу 12.6 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэхээр тусгажээ. Ингэхдээ, иргэд, ААН-ээс төлөгдөх шимтгэлийг тус бүр нэг хувиар нэмсэн байна. Учир нь 2017 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэхээр хуульчилсан. Тодруулбал, 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь байхаар зохицуулсан байна. Тиймээс Засгийн газраас ирэх оны төсөвт ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу нийтдээ 26 хувийн шимтгэл төлөхөөр төсвийн төслийг боловсруулжээ. Ажилтны нэмэгдсэн нэг хувийн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх аж. 


Мөн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 


Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хийлээ. 


Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ