Аавынхаа итгэлийг алдаагүй залуу тариаланч

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-12 22:31:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний тариаланч хамт олон “Хурх гол” ХХК-ийн ерөнхий захирал Ганбатын Батболдтой уулзаж ярилцсанаа сурвалжлан тэмдэглэв.


Өнөөгөөс 10 жилийн өмнө атрын 50 жилийн ойн жилд аавынхаа ар өвөрт дагаж тариаланд орж ирсэн Батболд хүү өдгөө аавын байгуулсан “Хурх гол”, "Хангай милсс" ХХК-уудыг удирдаж атрын 60 жилтэй золгож байна. Хүү өсч, компани нь ч хүчирхэгжжээ. Энэ хугацаанд “Хурх гол”-ынхон 2003, 2014 онд Улсын аварга тариаланч хамт олноор шалгарч, аймаг орон нутагтаа ч олон удаа ажлаараа манлайлж иржээ.

Англи улсад бизнесийн удирдлагаар сурч төгсч ирсэн түүнийг аав нь “Хэнтийдээ очиж тариа тарь” гээд шууд явуулсан байна. Газар тариалангийн чиглэлээр сургуульд сураагүй тэрбээр хэдэн ах нартаа найдаад л тариа тарих ажилд орж ирж. Хэдэн ах нар нь Л.Хатанбаатар, Р.Цогбаяр, улсын аварга механикжуулагч н.Хэнчбиш нарын Хурхын сангийн аж ахуйн туршлагатай олон механикжуулагч, механикч, инженерүүд байв. Энэ 10 жилийн хугацаанд тус компани техник технологийн шинэчлэлийг шат дараатай хийж 10 гаруй тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийжээ. Үүний үр дүнд тариалалтыг богино хугацаанд технологийн дагуу, хөрсөнд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

2009 оноос га-гаас тасралтгүй 15-аас дээш центнер ургац хураан авч байна. Уриншид ургамал хамгаалах бодис ашиглаж эхэлснээр га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлснээс гадна тариаг малаас хамгаалж 600 сая төгрөгөөр талбайгаа хашаажуулсан нь эхний жилдээ л үр дүн нь харагдаж байна. Мөн манай орны хувьд хавар салхи шуурга их тул хөрсөө хамгаалахын тулд салхины элэгдлийг хаах ойн зурвас байгуулж эхэлжээ. Энэ жил Биндэрийн ойн аж ахуйтай хамтран талбайн захаар долоон км-т ойн зурвас тарьж, энэ ажилд Хурх тосгоны бүх төрийн албан хаагч тусалсан байна. Талбай хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах ажлаа үргэлжлүүлж дуусгахаар төлөвлөжээ. Тус компани хоногт 120 тонн будаа тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэр Улаанбаатар хотод ажиллуулж, “Хурх” брэнд гурил хэдийнэ хэрэглэгчдийн танил нэр хүндтэй бүтээгдэхүүн болж эх орны өнцөг булан бүрт хэрэглэгчдэд хүрдэг болсон.

Түүнчлэн газар тариалан эрхлэгчид МАА-г хослон хөгжүүлдэг. Эднийх 5000 хонь, үхэр сүргийг мах сүүний чиглэлээр үржүүлж байна. Гадаадын өндөр ашиг шимтэй үхрийг үр хөврөлөөр гарган авч өдгөө ийм үхэр сүргийн тоо толгой 500-д хүрчээ. Ашиг шимийг нь бүрэн ашиглахын тулд Хурхад сүүний үйлдвэр байгуулж, цөцгийн тос, шар тос үйлдвэрлэхээр зэхэж байна.

Хурхын хөндийд өндөр ургац авах бүрэн боломжтойг Германы эрдэмтэн урилгаар ирж ажиллахдаа түүнд хэлжээ. Тэр эрдэмтэн Монгол орныг элсэрхэг хөрстэй гэж бодож иртэл Германаас дутахааргүй сайн чанарын хөрстэйг нүдээр харж гайхан биширсэн гэдэг. Мал талхалдаг зэрэг жижиг жижиг асуудлаа шийдээд хөрс хамгаалах технологио мөрдөөд явчихвал өндөр ургац авах бүрэн боломжтой, бэрхшээл алга гэж дүгнэсэн байна. Тэгэхээр эднийд техник сайн, уринш сайн байгаа нөхцөлд өнгөрсөн жил яамнаас зөвшөөрөл авсан үрийн аж ахуй байгуулахаар ажиллаж байна. ОХУ-аас манай нөхцөлд тохирсон богино болцтой үр авчирч тарьж туршжээ. Энэ нь Алтайский 325, Дархан 131, Тобовский гэсэн гурван сорт маш сайн тохирч үүнийгээ үржүүлэн элит сортын үрээр хангах зорилттой ажиллаж байна. Өнгөрсөн онд эдгээр үрийг 2000 га-д тарьж туршиж үзээд маш сайн ургац авч чадсан агаад энэ жил үргэлжлүүлэн 2500 га-д тариалж арвин ургац хурааж байна. 

Аавынхаа итгэлийг хүлээсэн залуу удирдагч Г.Батболд газар тариаланг шинжлэх ухаанч мэргэжлийн үүднээс удирдахын тулд өөрөө ХААИС-ийг агрономич мэргэжлээр суралцан төгсч байгаа ажээ.        

 

Холбоотой мэдээ