Тээврийн хэрэгслийн хурд, зөрчил илрүүлэх хяналтын камерын систем ажиллаж байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-11-12 12:18:58

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Мянганы замын босоо тэнхлэг буюу Дорноговь-Говьсүмбэр аймгийг холбосон зам дээр тээврийн хэрэгслийн анхны дундаж хурдыг хэмжих, зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий хяналтын камерын систем ажиллаж байна.

Тухайн тээврийн хэрэгсэл бүртгэл хяналтын системийн дэргэдүүр дайран өнгөрөхөд улсын дугаарыг бүртгэх, хурдыг хэмжих төдийгүй ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд байнгын хяналтын цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад дохио өгч мэдэгдэнэ.

Учир нь хяналтын систем цагдаагийн байнгын хяналтын постоос 200 орчим метрийн зайтай байрлаж буй. Зөрчлийн мэдээллийг хүлээн авсан алба хаагч тухайн тээврийн хэрэгслийг саатуулах ба бага зэрэг зөрчилтэй төдийгүй хяналтын цэг дээр саатуулж амжаагүй бол тээврийн хэрэгслийн хаягаар шийтгэлийн хуудсыг илгээх, эсвэл дараагийн цэгт зарлан мэдээлэх зэрэг шаардлагатай арга хэмжээ авах аж.

Хяналтын систем нь тээврийн хэрэгслийн оношилгоо, даатгал, жолоочийн тухай мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс хүлээн авдаг давуу талтай аж. Энэ систем өнгөрөгч 10 дугаар сарын дундуур ашиглалтад оржээ.

Тиймээс жолооч нарт хандан тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангах, хурд хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ