Угаарын хийн хордлогын 15 тохиолдол бүртгэжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-12 14:09:30

Ховд /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор сүүлийн үед иргэд угаарын хийнд хордох, эрүүл мэндээрээ хохирох, өвчлөх эрсдэл үүсч байна. 

Ховд аймаг дахь БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч нар 10-11 дүгээр сарын байдлаар угаарын хийнд хордсон нийт 15 тохиолдол гарсан гэж мэдээллээ. 

Нүүрс дутуу шатах, энгийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдах, амыг онгорхой байлгах, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрөл гарах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан угаарын хийн хордлого үүсэж байна.

Иймд иргэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зууханд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж  байхыг  эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ховд аймаг 88400 гаруй хүн амтай. Үүний дийлэнх хувь нь гэр хорооллын бүсэд оршин суудаг

Холбоотой мэдээ