Монгол, Швейцарын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-11-12 15:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Швейцарын Гадаад харилцааны яамны улс төрийн тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-нд Берн хотноо болжээ.


Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Швейцарын талыг Швейцарын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Рафаэль Нагели ахалсан байна.


Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Церматын дугуй ширээний уулзалтын хүрээнд хамтран ажиллах нь чухал болохыг онцолсон байна.


Зөвлөлдөх уулзалтын дараагаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Швейцарын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвилтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй юм.

Холбоотой мэдээ