Л.Дүгэржав долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорино

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-11-12 15:53:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвийн захирал, профессор Л.Дүгэржав энэ сарын 19-нд  долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорих болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ.


Тэрбээр Антарктид тивийн Ливингстоны аралд “Монгол Улсын Антарктид судлал” Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны бааз байгуулах ажлыг удирдан, зохион байгуулж байгаа юм. Тэрбээр энэ удаа Болгарын 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд ажиллах юм.


Туйл судлаач Л.Дүгэржаваас дараах мэдээллийг тодрууллаа.


-Антарктид тивийг зорих ээлжит аяллынхаа талаар танилцуулна уу?


-Монголчууд 1972 онд анх удаа хуучин ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд багтаж Антарктид тивд хөл тавьж байсан. Түүний дараа 1982 онд монгол хүн явж байсан бол 2008 оноос монголчууд цоо шинэ шатанд гарч Антарктид судлалын ажилд оролцож эхэлсэн. Бид эхний үедээ бусад орны багийн бүрэлдэхүүнд орж танин мэдэхүйн ажил хийдэг байсан бол 2015 онд Монгол Улс Антарктидын Олон улсын гэрээний 53 дахь гишүүн болж нэгдсэнээр бие дааж судалгааны ажил явуулах боломжтой болсон юм. Геологич, цаг уурч, далайчин, уулын инженер зэрэг мэргэжлийн 10 гаруй монголчууд энэхүү судалгааны ажилд сүүлийн 11 жил оролцож байна. Энэ жил Монгол Улс өөрийн судалгааны бааз барих төлөвлөгөөтэй байгаа. Антарктид тивд зарим үед 150 км/цаг хурдтай салхи салхилж  хасах 54 хэм хүрч хүйтэрдэг ширүүн нөхцөлд хүн амьдрахад өөрийн сууцтай байх ёстой. Экспедицийн байртай болбол монголчууд олноороо явах боломж бүрдэнэ.


Антарктид тив манай дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг. Манай дэлхий 150 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, түүний 15 сая хавтгай дөрвөлжин нутагт дунджаар 2400 м мөсөөр хучигдсан, хэн ч амьдардаггүй газар бол Антарктид юм. Тэнд монголчууд “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” судалгааны ажилд оролцдог. Мөн нэг онцлог нь хойд цэвдгийн хилийн урд тал Монголын нутгаар өнгөрдөг. Энэ хил жил бүр хойшилж байна. Өөрөөр хэлбэл, Монгол оронд дулаарал, цөлжилт явагдаж байна гэсэн үг. Энэ бол Монгол орны цөлжилт биш, дэлхийн дулаарлын нэг индикатор Монгол Улсад явагдаж байна гэсэн үг юм. Тиймээс бид дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж, өөрийн мэдээллийг тэдэнд өгч, дэлхийн улс орнуудаас судалгааны ажлыг нь гуйж биш мэдээллээ солилцдог боломж олдож байна. Манай ШУТИС өөрийн гэсэн “Антарктид судлалын хүрээлэн”-тэй болсон. Шинэ хүрээлэн маань олон гишүүнтэй, судалгааны ажил хийх чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, эрдмийн зэрэг цолтой судлаачдаас бүрдсэн. Түүнчлэн сургуулийн 60 жилийн ойг тохиолдуулан шинээр байгуулсан инновацын төвд Антарктид судлалын лабораторийн байр өгсөн. Энэ байр дэлхийн хаанаас ч холбоо барих, мэдээлэл авах, боловсруулах хүчин чадалтай юм.


-Энэ удаагийн аялал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?


-Энэ сарын 19-нд хөдлөөд, 12 дугаар сарын 2-нд Чили, Аргентины өмнөд цэгээс Магеланы хоолойг гатлаад галт газрын арал дээр хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс цааш Испанийн хөлгөөр Кинг Жоржийн арал дээр хүрч цаашаа цэргийн усан онгоцоор Ливингстоны арал руу явна. Нэг талдаа 15 хоног, мөн ирэхдээ 15 хоног, очоод 40 орчим хоног ажиллах төлөвлөгөөтэй байгаа.


-Танай багийн бүрэлдэхүүнд хэчнээн орны судлаачид багтаж байгаа вэ?


-Өнөө жил Болгарын экспедицэд Монгол, Туркийн эрдэмтдээс гадна Колумб, Португалийн судлаачид ажиллаж байгаа. Өнгөрсөн жил энэ багт Киприйн судлаачид ажилласан. Бид нэг баг болж ажилладаг. Мөн Испанийн багийнхантай хамтарч ажилладаг. Манай бааз барьж байгаа газраас Испанийн бааз 2 км, Болгарын бааз нэг км зайд байрладаг.


-Нийт хэдэн км зам туулдаг вэ, бэлтгэлээ хэр хангав?


-Нэг талдаа 25 мянган км газрыг онгоцоор, усан онгоцоор, явганаар туулна. Зөвхөн нэг багаж үүрнэ гэхэд 10, 20 кг жинтэй. Зургийн аппарат, камер, дулаан хувцас гээд хувийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Өвөл Отгонтэнгэрийн оройд гарахад юу бэлдэх вэ, түүнээс илүү л бэлтгэнэ гэж ойлгох хэрэгтэй. Хүйтэн, салхитай, мөсөн дээр очиж байгаа шүү дээ.

 

-Таны нэрээр нэрлэсэн оргил байдаг шүү дээ. Энэ талаар сонирхуулна уу?

 

-2013 он хүртэл би 4 удаа экспедицэд оролцож өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн болсон. Монгол Улсыг Антарктидын гэрээнд нэгдэн оруулах асуудлыг Засгийн газрын өгсөн эрхийн дагуу ажлыг гүйцэтгэсэн учир Олон улсын байгууллага үнэлж нэгэн нэргүй оргилыг “Dugerjav peak” гэж нэрлэсэн.

 

-Антарктид тивийн сонин сайхнаас хуваалцаач?

 

-Антарктидын зун нь нар жаргадаггүй, өвөл нь нар үздэггүй. Тэнд бүх төрлийн өнгө үзэж болно. Мөс маш олон янзын өнгөтэй болдог. Тухайлбал, 50 м өндөр мөсөн хана байлаа гэхэд нарны гэрлээс болж өнгө нь олон янзаар хувирна. Тэнд цунами үүсэх, мөсөн уул, оцон шувуу, цэнхэр халим үзэж болно. Тэр амьдралгүй газар хүн хэрхэн амьдрах, юу идэж, уух, юу өмсөж зүүх вэ гэдэг бол маш нарийн асуудал байдаг.

 

-Антарктид тивд та бүхэн ямар хоол хүнс зонхилон хэрэглэдэг вэ?

 

-Тийм хүйтэн газар монголчууд хамгийн сайн дасан зохицдог. Бид болж өгвөл махтай хоол хүнс хэрэглэж, аль болох калори ихтэй хүнс иддэг. Орчин цагт бүх юм боломжтой болсон доо. Бид Аргентин, Чели улсаас хоол хүнсээ бэлтгэдэг. Тэнд мах их байдаг юм.


-Та шинэ аялалдаа хэр бэлэн байна вэ?


-Манай геологичдын хавар болохыг хүлээдэг нэг онцлог байдаг. Долоо дахь аялал болохоор жаахан дасчихжээ. Гэхдээ нас ахиж байна, амаргүй шүү дээ.


Энэ үеэр дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялал хийх Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлаач Л.Дүгэржавд ШУТИС-ийн захирал Б.Очирбат Монгол Улсын төрийн далбааг гардуулж, аялалд нь амжилт хүссэн юм.



Холбоотой мэдээ