Иргэд утаагүй, орон сууцны орчин нөхцөлд шилжиж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-11-12 16:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, гэр хороололд өнөөдөр “Дэд бүтцийн төв”-ийг нээлээ.

Тодруулбал, гэр хороололд инженерийн шугам сүлжээ бүхий хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд дээрх хорооны буюу Баянхошууны хөтлийн Хувьсгалчдын 11-15-р гудамжны 200 айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд өнөөдрөөс холбогдож байна.

“Дэд бүтцийн төв” төслийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон тухайн дүүрэг, хорооны удирдлага, ИТХ-ын төлөөлөгч нар, оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр нийслэлийнхний хувьд нэг том дэвшил, гэр хорооллын орчныг орон сууцны хороололтой адилхан хэмжээний орчин нөхцөлийг авчирч буй том бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь бас нэг том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна. Одоо иргэд хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад та бүхний оролцоо чухал юм” гэлээ.


Нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас 5 тэрбум, нийслэлийн төсвөөс мөн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж байна. Ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэв. 


Дурдсан цэвэрлэх байгууламж нь нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбож байгаа бөгөөд эдгээр айлын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман улсын технологиор барьж байгуулжээ. Хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, зүлэг ногоо услах зэргээр ашиглах төдийгүй цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой аж.


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Өнөөдөр гэр хорооллын иргэд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн нөхцөлд шилжиж байна. Мөн гол нь агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болж байна.

Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна. Одоо айл өрхүүд гаднах тохижилтдоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвх, хүчин зүтгэлээс сайхан орчинд хэрхэн амьдрах бүх зүйл хамаарна” гэсэн юм.


Нээлтийн дараа оролцогчид төсөлд хамрагдсан айл өрхөөр орсон юм. Хувьсгалчдын 13-р гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахгүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” гэж байлаа. 

Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо цөөрч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ