“Нийслэлийн захиргааны цогцолборын захиргаа” ОНӨТҮГ-ыг байгуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-11-12 17:18:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг үүсгэн байгууллаа.

Дээрх төсвийн үйлдвэрийн газар байгуулах талаар хуралдаан Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга Д.Рэнцэнбямба танилцуулсан юм.

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн IV болон VIII хорооны нутагт бий болох хотын шинэ төвд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлтийг хийжээ. Улмаар барилгажилтын төслийн санал боловсруулахыг УИХ-аас хотын захирагчид даалгасан.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт 58.2 мянган ам метр гурван блок цогцолбор барьж байгаа талаар мэдээллээ. Тус барилга, байгууламжийг гэрээний хугацаанд ашиглалтад оруулах, барилга угсралтын явцад өдөр тутмын хяналт тавих шаардлагатай тул “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг ийнхүү НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгууллаа. Тус газрын 2019 оны үйл ажиллагааны зардлыг НИТХ-ын 2019 оны “Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан зардлаас санхүүжүүлэх юм.


НИТХ-ын тэргүүлэгчдий өнөөдрийн хуралдаанаар мөн 3 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн нэг тэрбум 277 сая төгрөгийн үнэ бүхий давхрын өргөтгөл, 2 тэрбум 95 сая төгрөгийн үнэ бүхий 146-р цэцэрлэгийн барилга, 721.3 сая төгрөгийн үнэ бүхий 255-р цэцэрлэгийг барилгыг нийслэлийн өмчид тус тус бүртгэж авав. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн түүхт 90 жил, Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцэж, зөвшөөрөл олголоо.

Холбоотой мэдээ