Дорнод талын махны хэвшлийн үхрийг үүлдэр болгон батлуулах судалгааны ажил хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-13 15:55:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын санаачилгаар Дорнод талын махны хэвшлийн үхрийг үүлдэр болгон батлуулах ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Үүний хүрээнд  Түмэнцогт сум болон Дорнод аймгийн Халх гол суманд үржүүлж буй махны хэвшлийн үхэрт хянан магадлагааг ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн хийж байна.

1987 онд Монголын хамгийн анхны махны хэвшлийн үхрээр сэлэнгэ үүлдрийн үхэр батлагдаж байсан. Үүний дараа 1960 онд энэхүү дорнод талын махны хэвшлийн үхэр судлагдаад 1990 онд батлагдсан байдаг. Тэгвэл энэхүү үхрийг хэвшил болон баталснаас хойш 29 жилийн дараа үүлдрийн хянан магадлагаанд орж байгаа нь энэ юм.

Анх махны хэвшлийн үхэр хэмээн баталгаажуулсан авторууд үүлдэр болгох тодорохойлолтыг нь гарган МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар оруулан ХХААХҮЯ-д хүсэлтээ хүргүүлсний дагуу бид үүлдрийн тодорхойлолттойгоо нийцэж байна уу үгүй юу гэдгийг магадлах ажлыг хийж байна. Одоогоор судалгааны ажил амжилттай болж байна. Үүлдэр болох шаардлагуудыг эхнээсээ хангаж байна. Бид эцсийн дүнг яаманд танилцуулна. Энэхүү үхрийг үүлдэр болгон баталснаар Монгол Улсад махны чиглэлийн хоёр дахь үүлдэр болох юм. Ингэснээр сум орон нутаг төдийгүй улс эх орны нэрийг дэлхийд гаргах шилдэг экспортын бүтээгдэхүүн болох юм. Харин үүлдрээр батлагдчихвал аймаг, сум орон нутгийн зүгээс хамгийн эхэнд хээлтүүлэгчийнхээ бодлогыг маш зөв барих ёстой. Эрлийзжүүлсэн тохиолдол ганц нэг гарч байна. Энэ буруу. Яг л цэвэр нэг үүлдрийн, өндөр ашиг шимтэй махны хэвшлийн үхрээ үржүүлэх нь зөв. Үүнийг дагаад маш олон давуу талууд бий болно гэж ХХААХҮЯ-ны мэргэжилтэн В.Санчир хэллээ.

Дорнод талын махны хэвшлийн үхэр нь үүлдэр болон батлагдвал дорнод монголын улаан үхэр гэсэн нэршилтэй болно. 

Холбоотой мэдээ