Монгол Улс 130 оронтой татварын мэдээлэл солилцоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-13 13:51:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв.


Улс орнууд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслах, татварын баримт бичиг хүргүүлэх харилцааг зохицуулахад чиглэсэн зургаан бүлэг, 32 заалттай уг конвенцод нэгдсэнээр дэлхийн 130 оронтой мэдээлэл солилцох боломж бүрдэх юм. Конвенцод нэгдэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооны шаардлагуудыг тусгасан Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хуралдаанд танилцуулав.


“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Уг асуудлыг өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.

Холбоотой мэдээ