Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгоход 13-36 тэрбум төгрөг шаардлагатай

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-13 17:17:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт нэг жил 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшнээр ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.


Тогтоолын төслийг баталснаар нийт хүүхдүүдийн 85-90 хувь хүсэлт гаргана хэмээн холбогдох албаныхан тооцож буй юм. Нийт хүүхдийн 85 хувьд олгоход улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж гаргах аж.


Тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд санал хэлээгүй тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Тогтоолын төслийг энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ