“Экологийн боловсролын төв”-ийг нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудад нэвтрүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-13 17:51:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа  Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн биелэлттэй танилцлаа.

Тэрбээр багш нарын мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Улаан-Үд, Сэлэнгэ аймгийн сургуулиудтай танилцах, туршлага судлах “Эко” аялалд нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн бага ангийн 90 багшийг үдэж өгөв. Тус аялалд энэ жил бага боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бага ангийн багш нарыг оролцуулж байгаа аж.

Нийслэлийн боловсролын байгууллагуудад хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн 40 сургуульд эко клуб байгуулсан бол энэ хичээлийн жилд 118 болж өргөжсөн байна. Сургуулийн өмнөх боловсролын 600 гаруй байгууллагад ногоон хөгжлийн бодлогыг бүрэн хэрэгжүүлжээ. Сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн “Экологийн боловсролын төв”-ийг жишиг болгон нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудад нэвтрүүлэх аж. Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр СӨБ, ЕБС-ийн 3000 орчим багш эцэг эх, сурагчийг тус төвтэй танилцуулж, эко боловсролын арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн ЕБС, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв бүрт чийгийн улаан өт үржүүлэх буюу эко бордоо, “Компост” байршуулах ажлыг зургаан дүүрэгт хэрэгжүүлсэн бөгөөд цаашид гурван дүүрэгт хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэг түшиглэсэн зөгийн аж ахуй, жимс жимсгэний төгөл, байгалийн түшиц лаборатори, музей, галарей байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орох гэж буйтай холбогдуулан очиж ажиллалаа. Тус сургуулийн өргөтгөлийн барилга нь хичээлийн 13 танхим, биеийн тамирын заал, цайны газар,  номын сан бүхий 3400 м.кв талбай бүхий 360 хүүхдийн суудалтай бөгөөд барилгын ажил бүрэн дуусч, Улсын комист хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Түүнчлэн энэ үеэр нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулсан “Хүүхэд хөгжлийн төв”-ийн ажлыг тогтворжуулах, багш, сурагчдын хөгжих орчныг сайжруулах чиглэлээр санал солилцов.


Холбоотой мэдээ