Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-11-14 13:45:28

Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан тооцоход 42-44 доллар/баррель болж байна. Ийм тооцоог Саудын Аравийн Saudi Aramco төрийн өмчийн компанийн захиалгаар шинжээчид хийжээ. Энэ нь Саудын Аравид олборлож буй түүхий газрын тосны өртгөөс даруй 2 дахин өндөр гэсэн үг юм. Ийм тооцоо үнэхээр бодитой юу, нефтийн үнэ 40 доллароос доошилбол нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? 


Saudi Aramco компани дэлхийн янз бүрийн улс орнууд дахь нефтийн шинэ ордуудад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулаад хэд орчим долларт хэлбэлзэж  байгаа талаарх судалгааг захиалгаар хийлгэсэн байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг IHS Markit компани хувьцаагаа анх удаагаа олон нийтэд санал болгох гэж буй Saudi Aramco-гийн хүсэлтээр дээрх тооцоог хийжээ.


Олборлолтын өөрийн өртөг гэдэг нь төслийн явцад олборлолтыг ашигтай байлгах нефтийн хамгийн доод үнэ юм. Саудын Арави, Кувейтэд нэг баррель газрын тос олборлох өртөг 17 доллар байгаа нь дэлхий дээрх хамгийн доогуур үзүүлэлт юм. Харин хуурай газарт хятадуудын хэрэгжүүлж буй төсөл, Венесуэль болон Азербайжанд эргээс зайдуу газарт /оффшор/ хэрэгжүүлж буй төслүүдийн хувьд нэг баррель газрын тос олборлох өртөг 60 гаруй доллар байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 

Сафания-Хафжи орд дахь Saudi Aramco компанийн нефтийн цооног 

Гэтэл Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг 42-44 долларын хооронд хэлбэлзэж байгаа нь бодит байдалд нийцэхээр үнэлгээ мөн үү?


25 доллар+татвар


Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг нь дараах зардлуудаас бүрддэг. Үүнд: үйл ажиллагааны зардал 3-10 доллар, хөрөнгө оруулалтын зардал 5-10 доллар, тээвэрлэлтийн зардал 5 доллар байдаг аж. Энэ тухай Оросын Эрчим хүчний орлогч сайд Павел Сорокин ярьж байсан юм. Түүний хийсэн тооцоогоор, татварыг оролцуулахгүйгээр олборлолтын ашиг нь 25 доллар болж байна.


Ашгийн үзүүлэлтээр Орос улс Саудын Арави, Кувейт хоёроос нэлээд хоцорч байгаа нь үнэн. Энэ нь нөөц хомсодсон, нефтийн ордууд нь борлуулалтын гол зах зээлүүдээс алс хол оршдог гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж байгааг Fitch Ratings компанийн хэлтсийн захирал Дмитрий Маринченко онцлон дурдлаа.  Үүний сацуу Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг нь АНУ, Европ болон Латин Америкийн ихэнх улсынхтай харьцуулахад нэлээд доогуур гэдгийг тэрбээр хэллээ. 


Янз бүрийн бүс нутагт олборлож буй газрын тосны өөрийн өртөг 


Өөрийн өртгийг тооцохдоо түүнд татварыг шингээх нь оновчтой биш хэмээн Маринченко үзэж байна. “Татварын тогтолцоо нь улс орон бүрт өөр өөр байдаг. Зарим улсад төр өөрт ногдох ашгийг тухайн компанийн ногдол ашгаас хүртдэг байх жишээтэй. Тухайлбал, саяхан Саудын Аравид нефтийн салбарт ногдуулдаг татварыг эрс бууруулсны зэрэгцээ Saudi Aramco компани илүү их хэмжээний ногдол ашиг төлөхөөр болсон” гэж тэрбээр ярилаа.  


Нефтийн салбарынхан ярихдаа, Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг 3 доллар буюу дэлхий дээр хамгийн бага байдаг гэцгээдэг. Тухайлбал, энэ талаар “Роснефть”-ийн захирал Игорь Сечин энэ оны 2 дугаар сард ярьж байсан билээ. Гэхдээ энэ бол lifting cost буюу үйл ажиллагааны зардал /дэд сайд Сорокины хэлснээр 3-10 доллар/ ажээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардал, тээвэрлэлтийн зардал ба татварыг тооцоогүй гэсэн үг. 


Татварын хэмжээ нь олборлолт өсөхөд саад болдог


Saudi Aramco-гийн судалгааг үнэн гэж үзэх аваас, 17-19 долларын татвар шингэснээр Оросын нефтийн өөрийн өртөг 42-44 долларт хүрдэг байна. Үүнд олборлолтын шинэ төслүүд, тодруулбал, ашиглахад хүндрэлтэй ордуудын нефтийн өөрийн өртгийг хамааруулжээ. 


Оросын нефть олборлодог компаниудад ногдуулж буй татварын ачаалал нь дэлхий дээр хамгийн өндөрт тооцогддог бөгөөд ашгийн 68-70 хувьд хүрдэг гэдгийг Эрчим хүчний сайд А.Новак Ройтерс агентлагт ярилцлага өгөх үеэрээ дурдаж байсан юм.


Олборлолт явуулахад хүндрэлтэй Баруун Сибирь дахь ордууд дахь татварын ачаалал 85 хувьд хүрдэг болохыг сайд дурдаад, уг ачааллыг бууруулахын тулд төрөөс нефтийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг болохыг онцоллоо.


ОХУ-ын Холбооны татварын албаны мэдээллээр, нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалд ногдуулах татварын хэмжээ 2018 оны байдлаар ашгийн 52,5 хувийг эзэлж байв.


Татварын ачаалал их байна гэдэгтэй шинжээчид мөн адил санал нийлж байгаа юм. 2018 онд улсын дунджаар авч үзвэл татварын ачаалал 60 хувьтай байсныг “Сколково” удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн судлаач Екатерина Грушевенко дурдлаа. 


Татварын хэмжээ ийм өндөр байгаа үед нефтийн нөөц ордуудын тал хувь нь олборлолт явуулахад ашиггүй байх болно гэж сайд Новак ярьсан юм. “Хэрвээ татварын тогтолцоог өөрчлөх замаар Баруун Сибирь, Арктикийн ордууд дахь олборлолтыг урамшуулан дэмжихгүй байх аваас хэдхэн жилийн дараа олборлолтын түвшинг өнөөдрийн хэмжээнд барьж чадахгүйд хүрнэ” гэдгийг тэрбээр хэллээ. 


Шадар сайд Дмитрий Козак-ийн үзэж байгаагаар, нефтийн төслүүдэд ногдуулах татварын хэмжээнд ялгавартай хандах хэрэгтэй байна. Гэхдээ эрх баригчид одоо ашиглагдаж буй ордуудын хувьд татварын нөхцлийг өөрчлөх бодолгүй байгаа аж. 


“Манай улс нефтийн асар их нөөцтэй, олборлолтын өөрийн өртөг нь бага учраас л бид өнөөдөр их орлого олж байна. Гэхдээ олборлоход хялбар ордуудын нөөц шавхагдаж, ашиггүй гэх шалтгаанаар олон орд газар хаягдаж байна” гэж Д.Козак өнгөрсөн оны 9 дүгээр сард ярьж байсан юм.


Ийм учраас засгийн газар нефтийн ордуудын тооллого явуулж байгаа бөгөөд цаашдаа олборлолт явуулахад хүндрэлтэй ордуудад хэрэгжих төслүүдэд татварын хөнгөлөлттэй нөхцлийг олгох ажээ.


Хэрвээ нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр зөнд нь орхих аваас 2035 он гэхэд, өөдрөгөөр төсөөллөө гэхэд Оросын нефть олборлолт 2 дахин буурна, харин гутранги төсөөллөөр бол 4 дахин багасна гэж Козак хэллээ.


Үнэ унавал яах вэ?


Түүхий эдийн үнэ өөрийн өртгөөс доогуур байх нь Орос улсад нефть олборлолтын салбар алдагдалд орно гэсэн үг биш гэдгийг шинжээчид дурдаж байна.


“Үнэ 40 доллар болж доошилсон ч гэсэн тухайн компанийн хэрэгжүүлж буй төсөл болон улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй, одоогоор яг ийм үнийг төсөвт тооцон суулгасан байгаа” гэж Е.Грушевенко ярьж байна.


Харин үнэ 30 доллароос доошилсон тохиолдолд улсын төсөвт орох мөнгөний хэмжээ багасах бол Оросын татварын тогтолцооны онцлогоос шалтгаалан энэ нь компаниудад төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг шинжээч хэллээ.


“Үнэ өргөн хүрээнд хэлбэлзэж байсан ч гэсэн Оросын нефть олборлох салбар ашигтай ажиллаж чадна. Үүний сацуу рублийн ханш сулрах нь бизнес эрхлэгчид болон улсын төсвийн хувьд үнийн уналтын үр дагаврыг саармагжуулахад нөлөөлдөг” гэж шинжээч В.Танурков ярьж байна.   


Шинжээч Маринченко-гийн хэлснээр бол “Оросын татварын тогтолцоо нь нефтийн үнэ унах үед “нефть-хийн бялуу”-наас төрийн хүртэх хувь хэмжээ багасч, харин компаниудын хүртэх хувь нэмэгдэхээр зохицуулагдсан байдаг” ажээ. Иймээс нефтийн үнэ унах үед төр татвараа өсгөх боломжтой. Одоогийн мөрдөж татвар бол үнэ 40-50 долларын хооронд хэлбэлзэж байгаа үед нефтийн салбарынхны хувьд тохиромжтой хувь хэмжээ юм. 


Ер нь бол, нефть олборлогчид татвар нэмэгдүүлэхийн эсрэг байдаг. Тус салбарын лоббичид олборлолт явуулахад түвэгтэй ордуудыг ашиглах төслүүдэд татварын нөхцлийг нь хөнгөвчилж өгөхийг идэвхтэй дэмжиж байгаа юм.


Харин эрх баригчдын хувьд, бизнесийнхэнд таатай нөхцөл олгох арга хэрэгсэл бий гэж хөрөнгө оруулалтын “Иволга Капитал” компанийн шинжээч Илья Григорьев үзэж байна. “Ашигт малтмалын олборлолтод ногдуулдаг “хөвөгч” татвараас гадна зарим төслүүд, тэр дундаа олборлолтын шинэ төслүүдийн хувьд татварыг дүйцүүлэн бууруулах итгэлцүүрийг ашигладаг” болохыг шинжээч хэллээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-50392407

   

Холбоотой мэдээ