300 мянган хүнтэй худалдааны салбарыг 57 хуулийн 100 гаруй заалтаар зохицуулж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-15 09:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын худалдааны салбарт 300 мянга орчим хүн ажилладаг. Гэвч тэдний эрх үүргийг зохицуулах тодорхой хууль, салбарыг бүхэлд нь хариуцан ажиллах төрийн байгууллага байхгүй байгааг өчигдөр болсон Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл гарцхэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Тус хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-аас зохион байгуулсан бөгөөд худалдаа эрхлэгч, ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл болсон 300 гаруй хүн оролцсон юм.


Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд гадаад дотоод худалдааг зохицуулсан төрийн зохицуулалт, хяналтыг тогтоосон хуулиудтай байдаг. Тухайлбал ОХУ Худалдаа үйлдвэрийн яамтай бөгөөд Худалдааны үйл ажиллагааны төрийн зохицуулалтын хуулийг 2009 оноос батлан мөрдөж байна. БНХАУ мөн Худалдааны яамтай бөгөөд Гадаад худалдааны тухай хуулийг мөрдөж дотоод худалдааны хөгжлийг таван жилээр төлөвлөдөг. 


Манай улсын хувьд худалдааны асуудлаа 57 хуулийн 100 гаруй заалтаар зохицуулдаг бөгөөд гадаад худалдааг ГХЯ, дотоод худалдааг үндсэндээ ХХААХҮЯ хариуцан ажилладаг. ХХААХҮЯ-д дотоод худалдааг хариуцсан таван хүнтэй хэлтэс, ГХЯ-д гадаад худалдааны асуудал эрхэлсэн 10 орчим хүнтэй газар ажилладаг байна.



ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар: «Худалдааны салбар үйлдвэрлэл, бизнесийг дэмжих хамгийн гол суваг. Гэвч энэ салбарын хууль эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй байна. ХХААХҮЯ бүх талын оролцоог хангасан гадаад, дотоод худалдааг зохицуулах нэгдсэн бүтэц тогтолцоо, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслийг богино хугацаанд боловсруулж одоогийн Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлуулахаар ажиллаж байна» гэв.


Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын 164 гишүүн улстай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюуны өмчийн гадаад худалдаа эрхлэх боломжтой. 2016 онд Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар 9000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг үе шаттай бууруулж, цаашид тэглэхийг зорьж байна. Мөн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хөтөлбөрийн хүрээнд 7000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх боломжтой юм. Харин БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хоёр талын судалгааны ажлын хэсгийн дүн энэ оны сүүлээр гарах аж.



Холбоотой мэдээ