Атрын 60 жилийн ойг өндөр хэмжээнд зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-14 17:24:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Уламжлалт “Удирдах ажилтны мэдээллийн цаг” үйл ажиллагаа энэ удаа аймгийн ИТХ-д сумаас сонгогдсон төлөөлөгч, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.

Удирдах ажилтны мэдээллийн цагаар аймгийн Аудитын газар, УЦУОШТ, ОБГ, ЭМГ зэрэг агентлагууд цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажлаа танилцуулж, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа төрийн албаны ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах тухай мэдээллийг тус тус өглөө.

Энэхүү үйл ажиллагааг биечлэн удирдан явуулсан аймгийн Засаг даргын зүгээс 2016-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг онцлон тэмдэглээд аймгийн Аудитын газраас өгсөн зөвлөгөө мэдээллийн дагуу ямар нэг төсвийн алдаа гаргалгүй ажиллах ёстойг сум, хэлтэс, агентлагийн удирдлагуудад хатуухан анхаарууллаа.

Мөн ирэх 12 дугаар сард тэмдэглэхээр төлөвлөөд байгаа Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Үүний дараа аймгийн Засаг дарга Ш.Оргил 17 сумын Засаг даргыг тухайн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хамт сум нэг бүрээр нь хүлээн авч уулзан, орон нутагт хэрэгцээ шаардлагатай байгаа ажлуудын талаар сонсож, ирэх оны төсөвт ямар ажлыг оруулахыг нэг бүрчлэн ярилцжээ.

Холбоотой мэдээ