Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-14 17:52:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабартиг өнөөдөор хүлээн авч уулзлаа.


Тус банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгож, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, 2024 он хүртэл Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг боловсруулах, тэргүүлэх хамтын ажиллагааны салбарыг тодорхойлох асуудлаар санал солилцлоо.


Ноён Чакрабарти Монгол Улстай хамтран ажиллах явцдаа жилд 1-2 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жилийн санхүүжилтэд 200-250 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж, үүнийг хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ буюу автозам, эрчим хүч, нийтийн тээврийн хөгжил, цэвэр, бохир усны системийг хөгжүүлэхэд түлхүү зарцуулах төлөвтэй байгаа гэсэн юм. Мөн сүүлийн үед Монгол Улсад өрнөж буй автозам, төмөр замын бүтээн байгуулалт нь банкны зорилго, зорилттой нийцэж байгааг дурдаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, ноён Чакрабартид ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ