Боливийн парламент огцрох хүсэлтийг нь батлахгүй бол нутаг буцна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-15 10:40:07

МЕХИКО. /RIA Novosti/. Ням гарагт илгээсэн огцрох хүсэлтийг нь Боливийн парламент батлахгүй бол эх орондоо буцна гэж тус улсын Ерөнхийлөгч асан Эво Моралес “Universal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Би огцрох хүсэлтээ хууль тогтоох ассамблейд илгээсэн. Хэрэв миний хүсэлтийг хүлээж авахгүй бол би буцна.  Боливийг илбэн тохинуулж чадна гэдгийг би одоо мэдэрч байна” гэж Моралес мэдэгдсэн байна.


Мексикт улс төрийн орогнол авсан тэрбээр хэлэхдээ, одоо болж байгаа шиг энх тайвныг зэвсэг агсан авчирч болохгүй гэв. “НҮБ, католиг сүмүүд болон зуучлагч орны оролцоотой яриа хэлэлцээ хийх замаар Боливид энх тайван тогтооно” гэж тэрбээр нэмж хэлжээ.

 

Аравдугаар сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Эво Моралес ялсан боловч түүний гол өрсөлдөгч Карлос Меса сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар томоохон хотуудад эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм.


Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаасаа огцрохыг Боливийн Зэвсэгт хүчин өнгөрсөн ням гарагт Моралест уриалсны дараа тэрбээр огцорч буйгаа мэдэгдэж, бусад өндөр албан тушаалтны хамт Мексик рүү явсан билээ. Боливийн төрийн удирдлагыг сөрөг хүчний төлөөлөгч, парламентын Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга Жанин Аньес гартаа авсан. Энэ асуудлаар парламентад санал хураах үед хурлыг хүчинтэй болгох ирц бүрдээгүй боловч эрх мэдлийг хууль ёсоор шилжүүлсэн гэж тус улсын Үндсэн хуулийн цэц үзжээ.


Холбоотой мэдээ