“Соёлын үйлдвэрлэл” 70 хувийн хэрэгжилттэй байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-15 11:33:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 40 дүгээр тогтоолоор “Соёлын үйлдвэрлэл” аймгийн хөтөлбөрийг баталж, БСУГ-аас хоёр жил гаруй хугацаанд хэрэгжүүлээд байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, зохих үүрэг чиглэлийг өглөө. Тухайлбал, бага насны хүүхдүүдэд уламжлалт тоглоом наадгай заан сургах, мартагдсан нэр томьёоллыг сэргээн сануулах, үндэсний өв соёлыг аялал жуулчлалтай холбон хөгжүүлж, зах зээлийн эргэлтэд оруулах,  зуны улиралд зохиодог эвент арга хэмжээг нэгтгэж, үр ашгийг гаргах зэрэг олон саналыг Тэргүүлэгчид хэлж байв.

Соёлын үйлдвэрлэл” аймгийн хөтөлбөрийг батлахдаа Оюуны өмчийн эрхийг хамгаалах, баталгаажуулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, соёл, урлагийн үйлчилгээг зах зээлд гаргах, орон нутгийн брэнд үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх гэсэн гурван зорилтыг тавьсан байна. Энэ жилийн байдлаар дээрх зорилтууд 70 хувийг хэрэгжилттэй байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийсэн томоохон ажлуудаас дурдвал: “Торгоны зам-Хорхорум хот” соёл, аялал жуулчлалын эвент арга хэмжээ, “Бидний авьяас-Бидний бахархал” төсөл, “Хүүхдийн урлагийн их наадам”, “Инээмсэглэл -1000” мянган хүүхдийн найрал дууны наадам, “Улсын хөөмийн уралдаан” зэрэг олон онцлог үйл ажиллагааг зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ