Гадаадын сургуультай онлайнаар холбогдож туршлага судаллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-15 15:28:19

Дорноговь /МОНЦАМЭ/.АШУҮИС-ийн харьяа Дорноговь дахь салбар Анагаах ухааны сургууль Японы Шизуока мужийн Анагаахын сургууль, Японы Софи Их сургууль, АНУ-ын Портландын их сургуультай “Өсвөр үе хүүхэд залуучуудын бэлгийн боловсрол ба бэлгийн эрүүл мэндийн хэрэгцээ” сэдэвт хамтарсан онлайн сургалтыг 11 дүгээр сарын 14-нд анх удаа зохион байгууллаа.

Онлайн сургалтад оролцогчид өөрийн орны нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог, бэлгийн эрүүл мэндийн боловсрол, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвар дамжих эрсдэлт хүчин зүйл, түүнээс сэргийлэх арга замын талаар илтгэл хэлэлцүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан байна.

Мэдээллийн технологийн хөгжилд суурилсан онлайн сургалт нь цаг хугацаа, орон зай, хөрөнгө санхүүгээс үл хамаарч тодорхой асуудлаар зөвлөлдөж, санал гаргаж, шийдэлд хүрэх ач холбогдолтой бөгөөд цаашид онлайн сургалтыг үйл ажиллагаандаа тогтмол  нэвтрүүлнэ гэж сургуулийн захиргаанаас мэдээлэв.

Мөн цаашид эдгээр сургуультай анагаах болон сувилахуйн боловсрол, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар сургалт, эрдэм шинжилгээ судалгааны мэдээлэл солилцож хамтран ажиллахаар болсон аж.

Сургалтад  гурван орны дөрвөн их сургуулийн нийт 80 орчим багш оюутан оролцов. АШУҮИС-ийн салбар сургууль хичээлийн хоёр байр,  нэг түшиц эмнэлэг, хоёр оюутны дотуур байртай биеийн тамирын заал, соёлын төв, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амралт сувилал, оюутны зуны дадлагын баазтай үйл ажиллагаа  явуулж байна. 

Холбоотой мэдээ