“Босоо” хэмээх Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд 256 бөх хүч сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-15 15:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын засгийн анхны аварга, ард олны дунд "босоо" хэмээн алдаршсан Ганжууржавын Самдангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 11 дүгээр сарын 16-ны бямба гарагийн 14 цагт Монгол бөхийн өргөөнд товлогджээ. 



Ардын засаг тогтсон анхны жилүүдийн баяр наадамд амжилттай барилдаж, үзүүр, түрүүнд тогтмол шалгарч явсан цуут бөхийн суу алдрыг мөнхжүүлэх энэ барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчээ сорино. Монгол бөхийн түүхэнд тодорсон олон аваргаас “босоо” хэмээх алдар хүртсэн цөөн бөхийн нэг нь Ганжууржавын Самдан аварга билээ. Тэрбээр 1925 оны улсын их баяр наадамд 10 даван түрүүлж, аварга цол хүртжээ.


Г.Самдан аваргын нэрэмжит барилдааныг Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн Баянхутаг сумын ЗДТГ, Баянхутаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хан Хэнтийн аварга” дэвжээнээс Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ