Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдов

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-11-16 11:53:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тавьсан Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км замын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа. Ингэснээр Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож байна.


Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 1.5 метр, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальт бетоны зузаан 4 сантиметр, өнгө асфальт бетон 3 сантиметр зузаан юм. 


Дээрх авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сум, 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд болон Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумын ард иргэд тав тухтай, аюулгүй зорчих боломжтой болж буйг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.







Холбоотой мэдээ