Угаартах эрсдэлтэй өрхийн пийшинг засах баг ажиллаж байна

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-11-16 12:16:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдээс угаартах эрсдэл ихтэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав, зай завсар зэргийг засах мэргэжлийн баг ажиллуулж эхэлжээ.


Тус багийнхан өчигдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинг засаж үйлчилжээ. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдгаас 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Иймд эрсдэл ихтэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засаж өгч байна. 


Мөн дүүргийн айл өрхүүдээр мэргэжлийн хамтарсан баг орж, шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухыг зөв галлах  зөвлөмж, мэдээллийг хүргэж байна хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ