Б.Дорлиг: Газар тариаланд мэргэжилтэй ажилчид ус агаар мэт чухал

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-19 13:25:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Хэнтийчүүд 11 дүгээр сарын 28,29-ний өдөр ойн баяраа тэмдэглэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа юм. Энэ зуурт Улсын тэргүүний тариаланч хамт олон болох "Өндөрхаан тариа" ХХК-аар зочилж сурвалжиллаа.


Манай улсын ууган сангийн аж ахуйнуудын нэг - Өндөрхааны САА-н суурин дээр газар тариалангийн “Өндөрхаан” ХК 20 жилийн тэртээ байгуулагдаж, өдгөө “Өндөрхаан тариа” ХХК болон шинэ зохион байгуулалтад оржээ. “Энэ хугацаанд арвин ургац авч улс аймгийн аварга ч болж үзлээ. Ургац алдаж гуньж ч үзсэн. Юм юм л үзлээ” гэж Б.Дорлиг захирал өгүүлэв.  

Б.Дорлиг захирал тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй ч сүүлийн 20 жилд газар тариалангийн агроном, хөдөө аж ахуйн машин механизмын мэдлэгтэй болж өдий хүрчээ. Түмний хоолыг бэлтгэдэг буянтай сайхан ажил гээд газар тариалангийн ажлаараа ихэд бахархана. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд 4-5 жилд нь ургац алдсан бол 2012, 2013 оны өндөр ургацаараа аймаг, улсын аварга тариаланч хамт болжээ.

            Услалтын системгүй нөхцөлд байгалиас бүрэн хараат газар тариалангийн ажил маш нарийн технологийн хугацаатай агаад хугацаа алдвал ургац буурдгийг 20 жилийн ажиглалтаараа тэрбээр тогтоожээ. Эднийх Хурхад 1800 га эргэлтийн талбайтай учраас нэг жил биш хоёр жил амраахаар төлөвлөн талбайгаа гурав хувааж энэ жил 600 га-д тариалжээ. Харамсалтай нь хоёр удаа хүчтэй орсон мөндөрт тариагаа цохиулж энд тэндээс нь оочин цоочин хурааж байлаа.

Байнгын тогтмол биш жилийн эцэст бөөн орлого олох газар тариаланд байгаль эх ингэж хатуурхах нь олонтаа. Өнгөрсөн жил уриншаа бэлдээд хавар нь тарьж зун, намартаа ургуулаад хураах үест дандаа зарлага гарч намар тариагаа хурааж борлуулснаар орлого нь ганц л удаа орж ирдэг. Сүүлийн үед газар тариаланд техник технологийн шинэчлэл их сайн нэвтэрч байна. Гэлээ ч урьд нь дан механик аргаар тарьж ирсэн хөрсний үржил шим хааяагүй муудаж газар 60 хувийн шимээ алдсан нөхцөлд үлдсэн 40 хувиа хамгаалж үлдэх амаргүй даалгавар тариаланчдад тулгараад байна. Тэгэхээр хөрсөө хамгаалах нь эцсийн эцэст өндөр ургац авах гол үндэс болжээ. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй хөрсөө бордож, газраас авсныгаа эргүүлж газартаа өгөх цаг иржээ. Мөн орчин үеийн техникээс өөрийн боломжийн хэмжээнд авч ашиглавал үр дүн гарч байна. “Өндөрхаан тариа” ХХК ч талбайдаа тохирсон техникийн шинэчлэлийг шат дараатай хийж Жон Деери комбайн, 130-150 морины хүчтэй гурван трактор, чиргүүл дүүжин техникүүд шинээр авсан байна.

Стандартад тэнцэхгүй тариатай үед цавуулаг муу, чийг өндөртэй тариаг улсад өгч чадахгүйд хүрээд ирэхээр Тариалан дэмжих сангаас авсан зээлээ төлж чадахгүй. Эндээс олонх аж ахуйнууд үр, бордоо, шатахуун, техник зээлээр авч ажилладаг. Ер нь жижиг дунд тариалан эрхлэгчид Тариалан дэмжих сангүй бол тариа тарьж чадахгүйд хүрнэ. Тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бас нэг том аюул бол мэргэжилтэй ажиллах хүчгүй болж байгаа явдал. Үүнд улс анхаарахгүй байна уу гэлтэй. Үндэсний ганц ХААИС-ийн агрономийн анги төгсөгч хүүхдүүдэд зөвхөн диплом хэрэгтэй болохоос ажиллах нь сонин биш бололтой. Гол зүтгэх хүч- механикжуулагчдыг бэлтгэдэг сургууль анги танхимууд бүгд хаагджээ. Тэгэхээр компаниуд тэтгэвэртээ гарах дөхсөн хашруудаа дагалдуулан сургах аргыг сонгохоос өөр аргагүйдэж. Гэтэл инженерийн сэтгэлгээ мэдлэгтэй операторууд ажиллах хэмжээний хүчирхэг техникүүд ороод ирчихсэн байдаг. Жижиг дунд аж ахуйнуудад энэ мэтчилэн бэрхшээл мундахгүй их байгааг Дорлиг захирал ярьж байна. Хамгийн наад зах нь үтрэм дээр өдрийн 30000 төгрөгөөр ажиллах хүн хүч хөдөөд алга байна. Газар тариаланд хашаажуулах хөтөлбөр үр дүнгээ өгч, малчин тариаланчдын зөрчлийг шийдэх эхлэл тавигдсан бол газар тариалангийн мэргэжилтэй ажилчид бэлтгэх асуудал атрын шинэ жарны босгон дээр ийнхүү тулгарч байна.


Холбоотой мэдээ