Тэмээ тэмээчин хоёрын догдолж хүлээсэн баяр боллоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-19 14:03:07

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Харганатын хоолой хэмээх газар "Цөм сүргийн манлай" нэртэй тэмээний баяр болж зургаан сумын 600 гаруй малчин оролцлоо.

Энэхүү тэмээний баярыг Завханы говийн бүс дэх сумдын тэмээн сүргийн үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар хүрэлцээг сайжруулах зорилготой зохион байгуулсан байна. Энэ үеэр монгол үүлдрийн тэмээний чанарыг сайжруулсан бие даасан үүлдэр, омог хэмээн эрх бүхий мэргэжлийн байгууллага тодорхойлж баталгаажуулсан “Галбын говийн улаан”, "Ханын хэцийн хүрэн” гэсэн хоёр омгийн гурваас дөрвөн насны 12 атыг Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргаз, Эрдэнэхайрхан сумын малчдад бэлэглэлээ.

Мөн үеэр тэмээтэй сайхан хос, тэмээний уралдаан, ингэ хөөслөх зан үйл, тэмээний ашиг шимээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний ерөөл, магтаалын уралдаан гээд тэмээчин, малчдын дунд сонирхолтой тэмцээнүүд болжээ. Дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээн сүргийг хайрлан хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээчин ардын хөдөлмөрийг үнэлэх, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү баярыг цаашид уламжлал болгож зохион байгуулах нь зүйтэй хэмээн малчид энэ үеэр дуулгав. Олон нийтийг хамарсан, тэмээчдийн аймгийн хэмжээний томоохон арга хэмжээ сүүлийн 20 орчим жил болоогүй. Сумандаа л тэмээчдийн ганц хоёр баяр болдог байсан. Говийн сумдын тэмээчдийн хувьд хөрш зэргэлдээ аймгуудад очиж тэмээний баяр, томоохон арга хэмжээнд оролцдог тухайгаа ч тэмээчид дуулгаж байв. Дашрамд энэхүү баярыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа говийн сумдын малчдын хүсэлтээр ийнхүү зохион байгуулжээ.

Сайхан хосоор Завханмандал сумын малчид тодров

Тэмээтэй сайхан хосыг шалгаруулах уралдаанд нийт зургаан сумын 14 хос 30 тэмээтэй оролцжээ.

Хосууд ижил зүсмийн тэмээгээ төрөл бүрийн тоноглол, эдлэл хэрэглэлээр гоёхоос гадна өөрсдийгөө ч мөн ижил дээл хувцас, малгайгаар гоёж оролцсон байв. Монголчууд ижил зүсмийн унаагаар гоёдог уламжлалтай. Мөн тэмээнийхээ зүсийг ижилсүүлж зүснийх нь өнгөөр өөрсдийн зэрэг дэвийг тодорхойлдог ёс ч бий ажээ. Ийнхүү нутгийн ёс уламжлалаараа гоёж өрсөлдсөн хосуудаас Завханмандал сумын малчин Р.Галч, Н.Өлзийжаргал нар хүүхдийн хамт оролцож тэргүүллээ. Харин Ургамал сумын малчин В.Мөнхдалай, Ш.Алтанцэцэг нар хоёрдугаар байрыг, Завханмандал сумын малчин Э.Алтансүх, П.Батцэцэг нар гуравдугаар байрыг, Ургамал сумын малчин Д.Пүрэвдорж, Б.Буянаа, Алдархаан сумын малчин С.Баасандорж С.Отгонтуяа нар удаах байруудыг тус тус эзэлж цом мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Тэмээний уралдаанд Ургамал сумын тэмээ түрүүлжээ

Говь нутгийн нэрийн хуудас болсон тэнгэрийн амьтан тэмээгээрээ нүүдлийн соёл иргэншлийг харуулж, тэмээ гэдэг амьтныг хэрхэн яаж сургаж, тэмээний мах, сүү, ноосоор юу хийдгийг харуулсан уламжлалт ёс зан заншил, тэмээчин хүний ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, хурд хүч чадлыг харуулсан тэмээний баярын сонирхолтой уралдаан нь бүдүүн тэмээний уралдаан байв.

Энэхүү уралдаанд зургаан сумын 30 гаруй тэмээ уралдаж Ургамал сумын малчин Ю.Мөнхболдын улаан тэмээ түрүүлжээ. Харин Дөрвөлжин сумын аймгийн аварга тэмээчин Мандахнарангийн шар, Завханмандал сумын малчин Д.Мөнхдалайгийн хар, Ургамал сумын малчин В.Мөнхдалайгийн хар, Дөрвөлжин сумын малчин В.Энхбатын шар зүсмийн тэмээ их насны тэмээний уралдаанд айргийн тавд тус тус хурдалжээ.

Тэмээний уралдааныг бага нас буюу торомны, дунд нас буюу тайлгын, дээд нас буюу атны хэмээн гурав ангилан уралдуулдаг бөгөөд уралдах тэмээний уяа сойлгыг хурдан морины нэгэн адил уяаг нь тааруулдаг. Тэмээний уралдаанд заавал хүүхэд гэхгүй насанд хүрэгчид унадгаараа морины уралдаанаас өвөрмөц байдаг. Уралдаанд түрүүлж айрагдсан тэмээний цолыг морины цолны нэгэн адил дууддаг ёстой. Тухайлбал ...аймгийн...сумын...багийн ард...ийн тэмээн сүргийн дотроос...баяр наадамд түрүүлэн ирсэн энэ хурдан тэмээнүүдийн алдар цолыг өргөн дуудъя.

Наадмын асрын өмнө     

Нарийн сайхан

Бурантаг юугаа өргүүлж

Алдар цолоо дуудуулсан

Энэ тэмээний эрхэм шинж нь гэвэл

Арванхоёр жилийн шинжийг

Алдалгүй өөртөө хадгалсан

Атан сайхан тэмээгээ       

Уралдааны замд нь гаргаад

Гарааны зурхайгаас эргүүлэхэд

Хулгана чихийг хулмалзуулан

Хөнгөн сайхан тэшин гарав

Хонин ноосыг сагсалзуулан

Хоолой хөндийг туулан гарав

Могой нүдийг тормолзуулан

Морин зогдорыг сугсалзуулан гэхчлэн дууддаг ёстой хэмээн Дөрвөлжин сумын тэмээчин Мандахнар уралдааны төгсгөлд дуулгалаа.

Сонирхуулахад, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн баатар тэмээчин Хүрээт гуай 1970-аад оны үед тэмээний цолыг дууддаг байжээ. Мөн Мандал-Овоо сумын тэмээчин ардын авьяастан Г.Оргой гуай 1980-аад оны үед тэмээний цолыг зохиож хэлсэн байдаг ажээ.

Завханы тэмээн сүргийн үүлдэр сайжирна

Монгол Улсын Их хурлаас малын генетик нөөцийн тухай хууль баталж, удмын санг бүрдүүлэх хамгаалахтай холбоотой бодлого тодорхой болсон бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ бол Цөм сүргийн манлай тэмээний баяр юм хэмээн зохион байгуулагчид дуулгав.

Тэгвэл Монгол малын генийг хадгалах, авч үлдэх, удмын санг бүрдүүлж баяжуулж байх, түүнчлэн үүлдэр угсааг сайжруулах нь мал аж ахуйн салбарын хөгжилд хамгийн чухал асуудал болж байгаа талаар энэхүү арга хэмжээг санаачлагч УИХ-ын гишүүн З.Нарантуяа ярилцлагын үеэр хэлэв. Тэрээр хэлэхдээ Завхан аймгийн  хэмжээнд тэмээн сүргийн тоо толгой 6600 хүрч, тооны хувьд өссөн ч тэмээн сүрэг ерөнхийдөө давжаарч, ноосны гарц муудаж байгаа учраас Өмнөговь аймгийн Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн 12 буурыг оролцогч сумдын малчдад  Нарантуяа сангийнхны зүгээс бэлэглэж тэмээн сүрэгт цус сэлгэж буйгаа хэлэв. Ингэснээр нутгийн тэмээг мах сүү, ноосны чанараар улсдаа тэргүүлдэг, баталгаажсан омгийн үүлдэр угсаагаар сайжруулах үржил селекцийн ажил хийгдэх боломжийг бүрдүүлж байгаа нь ихээхэн чухал болохыг баярын үеэр онцлов. Ийнхүү Завхан аймгийн тэмээний үүлдэр сайжирч сүү, ноосны гарц нэмэгдэх, улмаар малчдын орлого ч сайжрах боломж бүрджээ. Ташрамд Завхан аймаг 1972 болон 1982 онуудад Өмнөговь аймгаас Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн тэмээг авч ирж үүлдэр угсааг сайжруулж байсныг баярт оролцогчид дурдаж байв. Монгол үүлдрийн нас гүйцсэн ингэ буурын амьдын жин 450-600 кг, ноосны гарц 5.2-8.1 кг, хоногийн саам 500 грамм орчим байдаг. Харин Галбын говийн улаан тэмээний амьдын жин 560-660 кг, ноосны гарц 5.6-10.8 кг, хоногийн саам 600-800 грамм байдаг байна. Ханын хэцийн хүрэн тэмээний амьдын жин 540-620 кг, ноосны гарц 5.6-8.8 кг, хоногийн саам 900-1000 кг байдаг ажээ.                           


Манай нутгийнхан ингийг дуурладаг

Тэмээний баярын сонирхолтой тэмцээнүүдийн нэг нь яах аргагүй ингэ хөөслөх тэмцээн байв.

Ингэ хөөслөх буюу ботго авахуулах тэмцээнд зургаан сумын 11 малчин оролцжээ. Ийнхүү Дөрвөлжин сумын малчин Т.Ариунсайхан тэргүүлж, хоёрдугаар байрыг Эрдэнэхайрхан сумын малчин М.Жамбалжав, Завханмандал сумын малчин Х.Отгонбаяр нар удаах байруудыг эзэлжээ. Тэмээ нь том биетэй, хүдэр чийрэг ч их уярамтгай амьтан. Ботгоо голсон ингэний ботгыг авахуулахад хөөс хөөс гэж уянгалуулан аялахыг ингэ хөөслөх гэдэг. Мөн морин хуур, лимбэ хөгжмөөр ая тоглож эхийг уяраан ботгыг авахуулахад ботгоо үнэрлэн гунганаж, хоёр нүднээсээ бөөн, бөөн нулимс унагаж байдаг уян зөөлөн мал юм. Ер нь ингэ хөөслөхөд манай нутагт заавал эмэгтэй хүн хөөсөлдөг гэсэн юм байхгүй. Эрэгтэй эмэгтэй хамаагүй хөөсөлдөг. Миний хувьд эхдээ гологдсон ингийг хөөслөх өөрийн гэсэн арга туршлага бий. 50 гаруй жил малын захад эхдээ гологдсон төлийг авахуулж байлаа хэмээн Эрдэнэхайрхан сумын 80 настай ахмад малчин М.Жамбалжав гуай хэллээ.

Харин тэргүүн байрын эзэн, Дөрвөлжин сумын малчин, Мөнгөн буурын эзэн, аймгийн аварга тэмээчний гэргий Т.Ариунсайхан: “Миний хувьд ингэ хөөслөхийг 10 гаруй жил тэмээ маллахдаа нутгийн ахмад малчдаас сурч мэдэж авсан. Хөөс хөөс гэж дууддаггүй харин Дуур дуур гэж уянгалуулан дуурладаг. Ингийг дуурлах нь манай нутгийн бас нэг аялга, заншил юм билээ. Түүнчлэн дунг аялгуулан үлээж ингээ зөөлхөн илэх, өөрийн биеэ халуун биед нь нааж уянгалуулан дуурлахад ботгоо хурдан авдаг. Ер нь тэмээ бол их өрөвч нинжин мал. Зөөлхөн, аясаар байх тусам хүнд ээнэгшин дасдаг мал юм” гэлээ.

 

Буянт малаа магтаж ерөөх нь их буян юм

Малын соёлоо дээдэлдэг малчдын дунд ерөөл магтаал хэлдэггүй мэддэггүй хүн байхгүй гэж тэмээний баярын үеэр малчид олонтаа дуулгаж байв.

Тэгвэл таван хошуу малын нэг тэмээний тухай ерөөл магтаалын уралдаан энэ үеэр болж нийт зургаан сумын 14 малчин оролцлоо. Тэмцээнд 6-60 насны ардын авьяастнууд оролцож тэргүүн байрыг Дөрвөлжин сумын М.Жигдбаяр, удаах байрыг Сантмаргаз сумын Б.Энхбаяр, Дөрвөлжин сумын Г.Батцэцэг, Ө.Зулсар нар тус тус эзэлжээ.

Монгол ардын аман яруу найргийн уламжлалт, өвөрмөц нэгэн төрөл нь магтаал, ерөөл юм. Ер нь ерөөлч магтаалч нар амьдралыг танигдахгүй болгож чимэглэж, гоёж, диваажин гэж байдаг бол тэр л ийм байх гэсэн сэтгэгдэл төрүүлж бодит ахуйг хүний хүсэл мөрөөдлийн ертөнцөд аваачих байдалтай болгодог.  Монголчууд бидний хувьд ерөөл магтаал нь ёс заншлын хүндэтгэл, гоо сайхны эрхэмлэл, уран сайхны сэтгэлгээнд нь бэлгэдлийн зүйл болж оюун санааны хэрэгцээг хангадаг урлагийн нэг төрөл. Аж байдлын сэдэвт магтаалд таван хошуу малын тухай дүрслэл онцгой байрыг эзэлдэг. Тухайлбал таван хошуу малын магтаалд малын хэлбэр галбир өнгө зүсний талаарх ард түмний гоо сайхны эрхэмлэл тод туссан байдаг. Жишээлбэл тэмээг:

Хойд хөндийгөөр хонгортон байдаг
Хонин шар нүдтэй хондон улаан зүстэй

Ширээ бөхтэй ширэн төвөнхтэй гээд бараг л нүдэнд харагдтал дүрсэлж байгаа нь их сайхан байдаг. Буянт малаа магтаж ерөөх нь их буян юм. Ийм л учраас ерөөл магтаалыг сонирхон судалж бас боломж олдвол ерөөл магтаалыг хаана ч хэлж явдаг юм би. Энэ удаад тэмээний баярын тэмцээнд оролцож түрүүлсэндээ маш их баяртай байна хэмээн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн иргэн М.Жигдбаяр хэллээ.


Тэмээ, тэмээчин хоёрын догдолж хүлээсэн баяр боллоо

Тэмээний баярын үеэр тэмээний ашиг шимээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэмээний эдлэл хэрэглэл, ачлага уналгын тоноглол, хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдийг тодруулж урамшуулжээ.

Үзэсгэлэн худалдаанд зургаан сумын малчдын 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэж энэ үеэр чамгүй борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдаанд сумынхаа брэнд бүтээгдэхүүн болсон суль, сульхирын гурил, ингэний хоормог, сүү, айраг, ингэний ааруул, тэмээний ноосоор хийсэн тоноглол, буйл, бурантаг гээд 40 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг Ургамал сумаас бэлтгэж үзүүлжээ.

Түүнчлэн тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал н.Лхагвасүрэнгийн урласан тэмээний сийлбэр болох бэлэг дурсгалын зүйлс нь үзэсгэлэнгийн хамгийн содон бүтээгдэхүүн байв. Харин хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр ингэний айраг тодорчээ. Ийнхүү үзэсгэлэн худалдааны шилдэг сумаар Ургамал сум тодорч удаах байруудыг Завханмандал, Дөрвөлжин сум эзэлж тэмээний дүрс бүхий цом мөнгөн шагналын эзэд болжээ.  

Дөрвөлжин сумын тухайд энэ жил чацарганы цехийг сумандаа байгуулсан бөгөөд тэмээний баярын үеэр малчин, иргэдийг халуун чацарганы шүүсээр дайлж байсан нь хүйтэн өдрийн халуун сэтгэл болж байна хэмээн малчид ам сайтай байв. Ийнхүү цаг агаар тогтворгүй, цастай шуургатай, хүйтэн байсан хэдий ч малчид, ялангуяа тэмээчдийн хувьд сэтгэл нь догдолсон, тэмээ, тэмээчин хоёрын догдолж хүлээсэн сайхан баяр боллоо. Учир нь наадам болох дөхөхөөр хурдан морь уяан дээрээ үүрсэж, уяач, морь хоёр догдолдог шиг. Тэмээ ч мөн тийм байдаг шигээ. Тэмээчдийн арга туршлагаа солилцох, бие биенээсээ суралцах боломжийг олгосон баяр болсныг Дөрвөлжин сумын малчин Мөнгөн буурын эзэн, аймгийн аварга малчин Ж.Мандахнар ярилцлага өгөхдөө дуулгаж байв.  

Холбоотой мэдээ