Израилын төлөвлөгөөг АНУ хүлээн зөвшөөрчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-19 10:58:30

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд суурин барих Израилын төлөвлөгөө нь олон улсын хууль эрх зүйг зөрчсөн гэж мэдэгдсэн өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны мэдэгдлээс АНУ татгалзаж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.


“Хоёр талын хууль ёсны хэлэлцүүлгийг нарийвчлан судалсны дараа АНУ-ын одоогийн засаг захиргаа Ерөнхийлөгч Рональд Рейганы байр суурийг хүлээн зөвшөөрсөн” гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ зөрчилдөгч талуудын аль нэгийг дэмждэггүй байсан үед баримталж байсан Израилын суурингийн талаарх байр суурийг Обамагийн засаг захиргаа зөрчсөн гэж Помпео хэлжээ. Түүний хэлснээр, хоёр нам хэдэн арван жилийн турш болгоомжтой хандаж ирсэн хандлагыг АНУ-ын өмнөх засаг захиргаа 2016 оны 12 дугаар сард өөрчилсөн гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр АНУ Израилын сууринг хүлээн зөвшөөрсөн нь Палестинтай залгаа хилийн статуст нөлөөлөхгүй гэдгийг онцлон дурджээ. Энэ асуудлыг талууд хэлэлцээ хийх замаар шийдэх ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна. Тэрбээр мөн олон жилийн турш үргэлжилж буй мөргөлдөөнийг зохицуулах мөч ойртож байгаа гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.


1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израилын эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд 140  сууринд 600 мянга орчим еврей амьдардаг байна. Эдгээр суурин олон улсын эрх зүйгээр хууль бус гэж тооцогддог боловч Израил үүнийг эсэргүүцдэг билээ. Суурин барих төлөвлөгөө нь хагас зуун жилийн өмнө эзлэн авсан газар нутагтаа Еврейн улсыг бэхжүүлэх бодлого гэж Палестины эрх баригчид үздэг бөгөөд Израил, Палестины зөрчлийг тайван замаар шийдэхэд учирч буй гол саад тотгоруудын нэг юм.




 


Холбоотой мэдээ