Төлбөртэй хэрэглэх сурах бичгүүдийн 60 хувь нь хэвлэгдэн иржээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-19 13:10:26

Увс /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид энэ хичээлийн жилээс эхлэн сурах бичгээ түрээсээр авч хэрэглэхээр болсон. Одоогийн байдлаар аймгийн БСУГ-т сурах бичгүүд 60 хувьтай хэвлэгдэн ирж, сургуулиудад хүргэгдсэн бөгөөд сурагчид номоо авч эхэлсэн байна.

Сурах бичгүүдийг номын сангуудаар дамжуулан багцын нийт үнэлсэн төлбөрийг төлж жилийн турш сурагчид ашиглах боломжтой юм. Одоогийн байдлаар 6-р ангийн 13 нэр төрлийн сурах бичгээс 11, 7-р ангийн 18 нэр төрлөөс 15, 8-р ангийн 18 нэр төрлөөс 3, 9-р ангийн 17 нэр төрлөөс 3, 10-р ангийн 16 нэр төрлөөс 7, 11-р ангийн 16 нэр төрлөөс 13, 12-р ангийн 10 нэр төрлөөс 8 төрлийн сурах бичгийг тус тус хүлээн авч сургууль бүрийн номын сангуудаар дамжуулан тараасан байна.

“Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газраас 2009 онд шийдвэрлэсэн байдаг. Харин дунд, ахлах ангийн сурагчдын үлдсэн 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай. Гэвч номын худалдаа, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс шалтгаалж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байдаг. Зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарсан. Иймээс Засгийн газраас өнгөрөгч гуравдугаар сард шийдвэр гаргаж дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор төлбөртэй сурах бичгийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон юм” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Г.Дашням хэллээ.

Холбоотой мэдээ