Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт урьж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-19 15:16:14

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтаар ХНХЯ-наас улс орон даяар Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Тус хөтөлбөрийн хүрээнд  Улаангом суманд хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт болон бизнес эрхлэгчдэд зориулсан жижиг зээл олгох ажлуудыг зохион байгуулах бөгөөд энэ сарын 15-наас эхлэн сонирхсон иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.

“Нэгдүгээрт, бичил бизнес эрхлэгчдийг дэмжин бага хэмжээний зээл олгох буюу нийтдээ 517 сая төгрөгийн санхүүжилтээр дэмжиж, 24 сарын хугацаатайгаар сарын 0,6, жилийн 7,2 хувийн хүүтэй зээл олгох юм. Зээлийг олгохдоо нэг ажлын байранд таван сая төгрөг, хоёр ажлын байранд 10 сая төгрөг хүртэл олгоно. Мөн бичил бизнес эрхлэгчид зээл авахаасаа хоёр хоногийн өмнө төсөл хэрхэн бичих тухай сургалтад хамрагдана. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид бичсэн төсөлд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжих боломжоор хангагдаж байгаа юм.

Хоёрдугаарт, ажлын байрны эрэлтэд нийцүүлэн чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулна. Тус сургалт нь гурваас дээш ажиллагсадтай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг албан ёсны хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгууллагын саналаар өөрт нь хэрэгцээт сургалтыг зохион байгуулах юм. Иймд дээрх жижиг зээлд хамрагдахыг хүссэн болон цогц сургалтыг сонирхож буй иргэд аймгийн ХХҮГ-т ирж маягт бөглөн бүртгүүлэх боломжтой” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Э.Ганзориг хэллээ.

Холбоотой мэдээ