Иргэдийн оролцоотой хяналтын хороо ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-19 13:43:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-аас төсвийн хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх зорилгоор ИТХ-ын дэргэд Хяналтын хороо байгуулан ажиллаж байгаа ажээ.

Энэхүү үйл ажиллагааг ажил болгох үүднээс хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 онд ИТХ-аас “Орон нутгийн төлөөллийн байгууллагын төсвийн хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлжээ. Эл төслийн хүрээнд хяналтын хорооны дэргэд салбар хороодыг сумын 8 багт байгуулж, улсын төсөв болон ОНХС-гийн хөрөнгөөр хийж буй ажлуудад хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Тус сумын ИТХ-аас Сэлэнгэ аймгийн "Тогтвортой амьжиргаа төсөл-3", "Захиргааны шинэ санаачилга" ТББ-тай хамтран хяналтын салбар хороодын гишүүдээ чадавхжуулах, ажлын туршлагаа солилцох сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа гэнэ. Энэ удаа цаашид хэрэгжүүлэх асуудлуудаа тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг явуулсан байна. Тус хэлэлцүүлэгт Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮ-ийн газрын дарга Б.Мөнхбат нар урилгаар оролцжээ. Тэд хяналтын хорооны гишүүдийн асуултад хариулж цаашид улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангаар хийж буй ажлуудад иргэдийн хяналтыг улам сайжруулах, хяналтыг ажлын дундаас нь биш анх төлөвлөхөөс эхлээд хэрэгжүүлэх боломжоор хангах, ажлын гүйцэтгэлд төрийн хяналт тавих ажлын хэсэгт салбар хороодын төлөөллийг оролцуулах гэх мэт олон үр дүнтэй шийдлийг гаргаж харилцан тохиролцсон байна. Уг сургалтыг зохион байгуулахад Тогтвортой амьжиргаа-3 төслийн ажилтан Д.Цэнд-Аюуш, "Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын захирал С.Цэрэнпүрэв, зөвлөх Ч.Сосормаа нар хамтран ажиллажээ.  

Холбоотой мэдээ