280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-11-19 15:13:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орчин үеийн шийдэл загвар бүхий Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг ашиглалтад орон хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус цэцэрлэг 40 шахам багш ажилчинтай, 12 бүлэгтэй, биеийн тамирын болон урлаг соёлын хоёр том заал бүхий 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аймагтаа хамгийн томд тооцогдох цэцэрлэг болжээ. Өнөөдрийн байдлаар 160 хүүхэд хүлээн аваад байгаа бөгөөд цаашид хүүхдийн тоогоо нэмж, бүрэн хүчин чадлаар ажииллана гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Учралсайхан хэлж байна.

Мөн тэрээр "Орчин үеийн шийдэлтэй ийм сайхан цэцэрлэгийг бүтээн босгож, олон ажлын байр бий болгох, хүүхдүүдийн сурч хүмүүжих боломжийг ханган дэмжсэн УИХ-ын гишүүн М.Билэгт болон аймгийн удирдлагууд, тус цэцэрлэгийг богино хугацаанд чанартай барьж, ашиглалтад оруулсан Д.Сайнжаргал захиралтай "Гал хонгор" ХХК -д талархаж байгаа"-гаа онцлов.

Түүнээс гадна цэцэрлэгийн гаднах орчны тохижилтын ажлыг тун удахгүй шийднэ гэдгээ дуулгасан юм.

Холбоотой мэдээ