“Монгол бахархлын өдөр” энэ сарын 27-нд тохионо

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-11-19 13:14:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" энэ сарын 27д тохионо.


ШУА-иас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд мэндэлсэн хэмээн тогтоосон юм. ШУА-ийн саналд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэхээр болсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэсээр найм дахь жилдээ золгож байна.


"Монгол бахархлын өдөр"-ийг Бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж, хуульд тусгаснаар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Мөн энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ онд тус одонг үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг, соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож буй “The Hu” хамтлагт олгох болсон юм.


Түүнчлэн уг өдрийг угтан маргааш буюу энэ сарын 20-нд “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслол болохоос гадна 25-нд Төрийн ордонд Реалист зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээнэ. Мөн Эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойд зориулсан чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 27-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.


Ташрамд дурдахад, "Монгол бахархлын өдөр" ирэх жил 11 дүгээр сарын 16-нд, 2021 онд 11 дүгээр сарын 5-нд тохионо.

Холбоотой мэдээ